2021.06.24
Ц.Даваасүрэн: Хүний хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхийг хэзээ ч зөрчиж болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
"Энэ хуулийг үргэлжлүүлэх тухай асуудал байж болохгүй. Энэ хууль Үндсэн хуулийн 19.2-ыг зөрчиж байна. Энэ хэсэгт Онц байдал болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хуульд заасан хүний эрхийг хуулиар хязгаарлаж болно гэж заасан. Одоо бид зорчих хөдөлгөөн, эх орондоо ирэх хөдөлгөөн, ажил хөдөлмөр эрхэлж цалин авах, орлого олох эрхийг хүртэл зөрчиж байна. Боловсрол эзэмших эрх ч зөрчигдөж байна. Тиймээс одоо ямар нөхцөл байдал үүсэж байна гэхээр Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Онц байдлаа зарлаад явах, эсвэл Гамшгийн тухай хуулиараа явах шаардлагатай болсон. Гамшиг гэж үзэж байгаа бол.
Хэрвээ бид Үндсэн хуулиа зөрчөөд байвал хэдэн хүн дураараа дургидаг болно. Бид Үндсэн хуулиа зөрчиж байна. Үүнийгээ зогсоох ёстой. Хүний хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхийг хэзээ ч зөрчиж болохгүй. Хэрвээ энэ эрхийг зөрчиж байгаа бол заавал нөхөн олговор олгох ёстой. Хүний орлого олох, бизнес эрхлэх, цалин авах эртэй гээд Үндсэн хуульдаа бид заачихсан. Үүнийг хязгаарлах бол зөвхөн онц байдал болон дайны байдал л байх ёстой. Үүнийг УИХ-ын дарга, гишүүд анхаарч үзээ.
Нэг хуулийг нөгөө хуулиар зогсоож болохгүй. Төсөв санхүү үнэхээр эмх замбараагүй боллоо. Ирээдүйн өв санд 7 их наяд байх ёстой. Гэтэл одоо 3 их наяд байна. Үүнийг 2030 он хүртэл зарцуулахгүй гээд хуульчилчихсан. Одоо ЭМД-ын сан руу орох гэж байна. Энэ ковидын хууль нь төсөв, санхүүг эмх замбараагүй болгож байна. Үндсэн хуулиа давж, зөрчиж байгаа Ковидын хууль гэх энэ хуулийг зогсоох ёстой."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.28