2021.01.26

Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг онцгой анхаарч ажилласан хоёр Засгийн газар бий

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүдээс өргөн барьсан "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 төслийг хэлэлцэж байна. Би эдгээр төслүүдийг дэмжиж байгаа. 

Би нэг  зүйлийг онцгойлон хэлмээр байна. 

Өнөөдөр УИХ-ын нэг гишүүн. Та бидэнтэй адил ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон С.Ганбаатар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Энэ асуудлыг УИХ-ын даргын зөвлөл дээр асуудал болгон тавьж, УИХ-ын даргаас чиглэл өгөөд УИХ-д суудалтай намуудын төлөөлөл оруулж, намайг ахлан очиж уулзан, шаардлагыг хүлээж ав гэсэн. Бид уулзахаар очсон. Харамсалтай нь Ковид-19 халдвартай хүн байгаа учраас онцгой дэглэмд шилжсэн тул бид буцаж ирсэн.

Өнөөдөр энэ байнгын хорооны хурал дээр зарим нөхдийн ярьж байгаа байдал бол хүнлэг бус, харгис асуудал ярьж байна. Энэ улс төрийн эрсдэлтэй хатуу тэмцлийн хэлбэр сонгоно гэдэг бол тийм ч амар биш. Хүн өөрийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж улс орны ирээдүй, олон жил яригдсан Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар өлсгөлөн зарлаад байхад энэ ямар хамаатай юм бэ? энэ попорч байна, нийгмийг үймээн самуунруу турхирч байна гэдэг байдлаар хандаж болохгүй. 

Ер нь Оюутолгойн гэрээ хэлэлцээртэй холбоотой хугацаанд энэ асуудалд онцгой анхаарч ажилласан 2 Засгийн газар бий. нэг нь Н.Алтанхуягийн Засгийн газар. 3 сайдаа гаргаад Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлттэй холбоотой ажлын хэсэг гаргаж үзээд 2 тэрбум шахам долларын зөрчил илрээд, үүнээсээ болж үндэстэн дамнасан корпорацид нухуулаад огцорч байсан. Дараагийнх нь 2016-2020 оны УИХ, эрх барьж байсан МАН, түүний байгуулсан У.Хүрэлсүхийн Засгийн газар үүн дээр онцгой эргэлтийн зоригтой алхам хийсэн. Бид их хуралд дээр шаардан ажлын хэсэг гаргаж, үүний дагуу Б.Баттөмөр, Т.Аюурсайхан гишүүд бусад гишүүдтэй хамтран Засгийн газарт үүрэг чиглэл өгөх тогтоол гаргасан. Үүний хүрээнд У.Хүрэлсүхийн Засгийн газар сууриараа буруу байгаа 2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээг засах сайжруулах бус өөрчлөх асуудал ярьж байна. Ч.Сайханбилэг өөрөө гүйж очиж байгуулсан луйврын гэрээг цуцлах шаардлагыг тавьж байна."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn