2021.06.22

Н.Наранбаатар: Хилийн боомтыг орон нутгийн захиргааны байгууллагуудтай уялдуулж ажиллуулах нь чухал

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 15.00 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт ас ууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

"Хуулийн үйлчлэх хугацааг сунгахыг дэмжиж байна. Өөр арга ч алга.

Хуулийн өөрчлөлтөөр хилийн боомтын захиргаа байгуулах асуудал орж ирж байгаа нь зүйтэй. Үйл ажиллагааны уялдаа холбоог хангах ийм бүтэц бий болгоха шаардлага үүссэн. Хилийн цаад талдаа ч Хөх хотын элчин сайд, консултайгаа ярилцаж зохицуулах ажил их байгаа.

Хуулийн 7.6-д чиг үүрэг гэсэн хэсэгт ... орон нутгийн засаг, захиргааны байгууллагад үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах гэсэн хэсэгт агентлаг гэсэн үг нэмчихмээр байгаа юм. Тэгэж байж Гааль, Хилийн цэрэг орж ирнэ.

Өмнөговь аймагт байдал хүндрэх шинжтэй байна. ЭМЯ-ны 11 цагийн мэдээллээр ногоон бүс гэж зарласаар байна. Үүнийгээ залруулах хэрэгтэй. Уул уурхай дагасан, суурин гэх мэт хүмүүс и х байна. Тиймээс бодит байдлын тоог үнэн бодитоор мэдээлээ өгөх хэрэгтэй. Урд хөршийн тал ч манай талаас гарсан жолооч нараас дараалаад л эерэг хариу гарч байгааг мэдэж байгаа. Тиймээс ингэж нуух хэрэггүй."

Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn