Монгол Улсын иргэний эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх үндсэн эрхийг эдлүүлнэ
2021.01.27

Монгол Улсын иргэний эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх үндсэн эрхийг эдлүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан болон УИХ дахь Ардчилсан Намын гишүүдийн хамтран боловсруулсан Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Туваан танилцууллаа. 

АБГББХ, ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулав. 

Хуулийн төсөлд, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцаж ирэхэд үүсэж байгаа хүндрэлийг цаг алдалгүй шийдвэрлэх, эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдийг цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан татан авах ажлыг шуурхай зохион байгуулах талаарх зохицуулалтыг тусгасан. Мөн цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүний хувийн мэдээллийг хамгаалах, цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээний хязгаарыг тогтоож, хариуцлагыг тодорхой болгох, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг уг хуулийн үйлчлэлд хамааруулах талаар тусгажээ. 

Түүнчлэн бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын сургалтын төлбөрийн асуудлыг өмчийн хэлбэр үл харгалзан хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх, цар тахлын үед өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулах, цар тахлын үед иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа болон зээлийн үндсэн, хүүгийн төлбөрийг үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг өөрчлөхтэй холбоотой асуудлыг Монголбанк, Засгийн газар хамтран хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгасан талаар төслийн танилцуулгад дурдсан байв.

Мөн цар тахалтай дэмжих тусгай сан байгуулах, уг санд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаад улс орнуудаас өгч байгаа хандив, хөнгөлөлттэй зээл, тусламжийг төвлөрүүлж, зарцуулалтыг ил тод тайлагнахын зэрэгцээ цар тахлын талаарх үнэн зөв, баталгаатай мэдээ, мэдээллийг нэгдсэн шугамаар иргэд, олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Ковид-19 цар тахлын үндэсний мэдээллийн цахим сан” бүрдүүлж, ашиглах зэрэг асуудлыг тусгасныг төслийн танилцуулгад дурдлаа.  

Таван зүйлтэй уг хуулийн төсөл  батлагдсанаар гадаадад гацсан иргэд эх орондоо буцаж ирэх эрхээ эдлэх, халдварт өвчнөөр өвчилсөн хүний эрхийг хамгаалах, цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тухайн нөхцөл байдалд тохирсон, зайлшгүй, бодитой байх, иргэний үндсэн эрхийг хязгаарласан байгууллага, албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх механизмыг бүрдүүлэх, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зохион байгуулах, оюутан сурагчдын дотуур байрны төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах иргэний эрхийг хөндөхгүй байх, иргэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах, цар тахлын улмаас иргэдэд тулгарч буй зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд бодлогоор дэмжих, цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаад улс орнуудаас өгч буй хандив, хөнгөлөлттэй зээл, тусламжийн зарцуулалтыг ил тод болгох, цар тахалтай холбоотой үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд нэгдсэн байдлаар шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх талаар практикт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийн тодорхойгүй, зохицуулалтгүй байдлыг арилгах бүрэн боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ. 

 

Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүнээс  2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хороо  2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй байна. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нар асуулт асууж,  хариулт авсан. Гишүүдийн зүгээс  цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүний хувийн мэдээллийг хамгаалахад хариуцлага алдсан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох эсэх, өмчийн хэлбэр харгалзахгүй оюутны сургалтын болон дотуур байрны  төлбөрийг хөнгөлөх, хойшлуулах асуудлыг төсөлд хэрхэн зохицуулахаар тусгасныг илүүтэй тодруулав. 

    Хуулийн төслийн “11.1.6-д халдварлагдсан буюу халдварын сэжигтэй байж болзошгүй иргэний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, иргэний хувийн болон гэр бүлийн нууцыг задруулахаас сэргийлэх, аливаа байдлаар ялгаварлан гадуурхагдах, нэр төрийг нь гутаан доромжлох нөхцөлд хүргэхгүй байхаар зохицуулсан. Түүнчлэн төслийн "11.6-д цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол үүсэх үр дагаврыг тухайн шийдвэр, арга хэмжээг гаргасан байгууллага, албан тушаалтан хариуцан арилгана гэсэн тодорхой зохицуулалтыг тусгасан хэмээн хууль санаачлагч гишүүн Ц.Туваан хариулав. Мөн тэрбээр, хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын  төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах гэж заасны  “хойшлуулах, сургалтын" гэсний дараа “болон дотуур байрны” гэж нэмж оруулах зохицуулалтыг тусгасан. Учир нь оюутны дотуур байрны жилийн төлбөр 700-800 мянган төгрөг тул цахимаар хичээллэж байгаа энэ үед тухайн зардлын тал хувийг буцаан олгох шаардлагатай байна гэж байлаа. 

    Дараа нь хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа,  С.Амарсайхан, Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан хуулийн төсөлд үндэсний цахим мэдээллийн сан бүрдүүлэх чухал зохицуулалтыг тусгасан байгааг тодотгосон бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Бат-Эрдэнэ нар гадаадад байгаа иргэдийн эх орондоо эргэж ирэх асуудлуудыг нарийвчлан зохицуулсан тул бусад гишүүдээс  өргөн барьсан төслүүддээ нэгтгэн хэлэлцэхийг дэмжиж байгаагаа тус тус илэрхийлсэн.

    Ингээд Байнгын хорооны саналаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх шаардлагагүй” гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжээгүй тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.