2020.12.22

Н.Наранбаатар: Хилийн боомтууд дээр үүсэж байгаа асуудлуудыг хурдан шийдвэрлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.22/ боллоо. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар асуулт асуулаа:

Өнгөрсөн туршлагаас харж байхад өнгөрсөн өвөл 1-р сард цар тахлын дэглэм тогтооход уул уурхай, экспорттой холбоотой олон асуудлууд гарч байсан. Тодорхой шийдэх хүнгүй, зохион байгуулалт муутай. Цагаан сарын дараагаас дахин сэргээж эхлэх гэж маш их асуудал болсон. 

Өнөөдрийн байдлаар гэхэд ямар нэгэн асуудал гарахад Өмнөговь аймагт энэ асуудлыг төлөөлөөд шийдчих хүн байхгүй. Уг нь бол боомтын бүрэн эрхт төлөөлөгч, боомтын алба гэдэг ч юм уу тогтмол тэнд нь хүн байгаад үйл ажиллагааг нь чиглүүлж явж байхгүй бол болохгүй асуудлууд байдаг. Аль эсвэл Өмнөговь аймгийн Засаг дарга нь ч юм уу УОК-ийн гишүүн болгоод явдаг байвал зүгээр байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед маш түргэн удирдлагыг шийлжүүлж зохицуулах зохицуулалт хуулийн өөрчлөлтөнд тусгагдсан уу?

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Засгийн газраас оруулж байгаа хууль дээр таны хэлж байгаа удирдлага зохион байгуулалтын зүйл орж ирээгүй. Засгийн газар ярьж байгаад үүссэн нөхцөл байдалтай уялдуулаад Засгийн газрын буюу өмнөд бүс хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилно гэсэн байр суурьтай байгаа. Энэ долоо хоногт томилогдох болов уу.