2020.04.29

Ж.Энхбаяр: Бид эдийн засагт нүүрлэж байсан хүнд үеүүдээсээ сургамж авч чадахгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.29/ нэгдсэн хуралдаан  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас өргөн мэдүүлсэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийy анхны хэлэлцүүлгийг явуулав. 

Цар тахлын тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал болох цар тахлын голомтод эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний, төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүнийг татаасаар дэмжлэг үзүүлэх гэсэн байнгын хорооны дэмжээгүй санал УИХ-ын чуулганаар дэмжигдэв.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Уг саналыг дэмжихгүй байхыг хүсэж байна. Учир нь  энэхүү хууль нь цар тахалтай тэмцэх, сэргийлэх тухай хуулийн төсөл учир цар тахлын үед авах эдийн засгийн арга хэмжээг тусад нь УИХ-ын тогтоолоор шийдэх ёстой.

Өвчлөлөөс шалтгаалж үүсч буй эрүүл мэндийн салбарын хямралаас гадна эдийн засгийн томоохон хямрал болох нь зайлшгүй. Би 2013-2014 онд болсон үйл явдлыг сануулахыг хүсч байна. Тухайн үед нөхцөл байдал яг одоогийнх шиг байна. Тухайн үед УИХ дээр барилгын салбарын асуудал яригдсан. Барилгын салбар үндсэн түүхийн эдийн дийлэнх нь импортоос хамааралтай.

Өнөөдөр Монгол Улс 600 сая ам.долларын гадаад худалдааны тэнцлийн алдагдалтай. 1 тэрбум ам.долларын валютын ханшийн тэгшитгэл хийх гээд интервенц хийсэн. Валютын нөөц 4 тэрбум төгрөг хязгаарлагдмал. Хоёрдугаар улирлын гадаад худалдааны тэнцэл 600-800 сая ам.долларын алдагдалтай болох байх. Ийм маягаар импортийг өдөөдөг, валют шаардагддаг, хэрэглээг мөн өдөөсөн бодлого явуулбал өнгөрсөн хугацаанд Монгол Улс валютын нөөцөө барж ОУВС-д хамрагдаж байсан.

Энэ байдал өнөөдөр давтагдах нь. Үүний бодит гэрч байсны хувьд хэлье. Манай залуу гишүүд мэдэхгүй. Сайхан санаа гаргаж байна. Үүнийг баавгайн тус гэдэг юм. “Эзнийхээ толгой дээр суусан ялааг цохиж өгөх гэж байгаад амь насанд нь хүрдэг” үлгэр шиг асуудалд хандаж байна. Эдийн засагт нүүрлэж байсан өмнөх сургамжуудаа бид авч чадахгүй байна. Бид бүтээгч биш, хөдөлмөрлөгч биш, үйлдвэрлэгч биш хэрэглэгч ард түмэн. Ийм үед үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Барилгын салбарын борлуулалтыг нэмэгдүүлэх зүйлийг төрийн албан хаагчдын нэрээр халхавчилж хийж байгаа.

Энэ бүхнийг би хэлэхийг хүсч байна, удахгүй нөхцөл байдал хүндэрнэ. Уул уурхайн салбарын экспорт 86 хувиар уначихлаа, бидэнд өөр санхүүгийн эх үүсвэр байхгүй. Дэлхий даяар санхүүгийн хямралд орж бидэнд туслах нөөц байхгүй. Гэтэл бид байгаа жоохон нөөцөө буруу зүйлд үрэх гэж байгаад харамсаж байна. Тархалтыг барьж чадах нь төрийн эрх ашиг. Түүнээс биш байшин барилга барих санал 10,20 дахь асуудал. Лобби хүчтэй байна, та нар өөрсдөө мэд. Харамсалтай нь миний өргөн барьсан хуульд наах байх. Гэхдээ би өөр байр сууринд байсан гэдгээ үүгээр мэдэгдэж байна.