2021.01.26

С.Чинзориг: Малчдын зээл, хүүг хойшлуулах асуудлыг төсөлд тусгах боломж байхгүй юу?

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуроалдаан боллоо. Хуралдаанаар УИХ-ын гишүүдээс санаачилсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"Төсөлд УИХ болон Засгийн газрын тогтоолоор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан тэмдэглэлт өдөр, баяр ёслолын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн байна. Үүний агуулга нь юу вэ? Миний ойлгож байгаагаар тэмдэглэлт арга хэмжээ, баяр ёслолын хүрээнд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болно гэж үзэж байгаа юу? Үүнийг тодруулна уу?

Хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй гэсэн асуудал орж ирсэн байна. Энэ эерэг сөрөг талыг нь хэр тооцсон бэ? Банкинд мөнгөө хадгалуулна гэдэг нь иргэн, банк 2-ын хооронд итгэлцлийн асуудал. Бид үүн дээр хууль гаргаж хугацаагүй хадгаламжийг хүүгүй болго гэж шийдэх нь хэр оновчтой вэ? Сөрөг асуудал гарах уу? Эерэг тал нь юу байх вэ?

Ипотекийн зээлийн төлбөртэй холбоотой асуудал байна. Үүнийг бид өмнө нь яриад шийдсэн. Энэ хуульд оруулах шаардлага бий юу?

Хөдөө орон нутагт ажиллах үед 2000 гаруй малчид отроор өвөлжиж байна. Тэд нэг зүйл л хэлж байна. Өвс тэжээлийн үнэ дийлэхгүй болсон. Малчны зээлийн хугацааг хойшлуулж, хүүг царцаах арга хэмжээ авч өгнө үү гэж хэлж байна. Үүнтэй холбоотой асуулыг энэ хуульд оруулж болохгүй юу?"

Түүний асуултанд Хуулийн төслийн санаачлагч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар хариуллаа. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn