2025.04.17
Ц.Туваан: Монголын ард түмний номер нэг эрх ашгийн төлөө нэгнээ САЙЛЖ, МУУЛАХ бус хамтарч ажиллаж байж ард нь гарна!
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2025.04.17/--ний өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
Та бүхний байгуулж өгсөн, үүрэг хүлээлгэсэн ЗГ юм. Тиймээс эрхлэх асуудлынхаа хүрээнд асуудлаа оруулж ирж байгаа. Хэлэлцэн батлан шийдвэрлэх бүрэн эрх нь бага ард түмэн буюу УИХ-ын гишүүдэд байгаа. Өнөөдрийг хүртэл ЗГ-ын үйл ажиллагааг дэмжиж явдагт нь талархлаа илэрхийлье.
Цаашдаа Монголын ард түмний нэг номерын эрх ашгийн төлөө нэгнийгээ сайлах, муулах биш хамтарч ажиллаж байж ард нь гарна. Худалдааны дайн, Трамп тариф гээд бидний хэзээ ч тооцоолоогүй, бодож байгаагүй нөхцөл байдал үүсчихсэн. Ковидын хууль гэдэг шиг нөхцөл байдал үүсчихсэн байгаа шүү. Тэгэхээр бид өмнөхөөсөө илүү эвтэй, хамтын ажиллагаатай байж ард гарна гэж бодож байна. Баялгийн сан 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 2024 онд батлагдсан хууль. Баялгийн сан АМНАТ-ийн татвараар бүрддэг. Доторх 3 сан нь тогтворжуулалтын санд орж ирээд тэндээс гарч ирсэн АМНАТ-ын мөнгөөр сангууд бүрддэг. АМНАТ-ийн татварыг бол гарч байгаа, борлуулж байгаа бүх биржээр зарсан зараагүй бүх бүтээгдэхүүнээс жишиг үнэ тогтоогоод авч байгаа. Тэгэхээр АМНАТ дээр өөрчлөлт орохгүй.
ЗГ дээр ард иргэдийн зүгээс ирүүлж байгаа маш их шүүмжлэл байгаа. Тухайлбал, их хэмжээний уур уурхайг ашиглаж байна, борлуулж байна, зарж байна, ард иргэдэд, улс оронд наалдаж байгаа юм алга байна гэх шүүмжлэлүүдийг хүлээж авч байгаа. Энэ үүднээсээ баялгийн санг дүүргэх үүрэг нь ЗГ-т тэр дундаа энэ уурхайн асуудал эрхэлж байгаа сайд надад бий. Тэгэхээр асуудлын гацааг гаргаж, шийдвэр гаргах гэсэн байдлаар энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирэхгүй бол цаг, минут өнгөрөх тусам асуудал хүнд байна. Бүтээгдэхүүн солилцооны асуудал дээр дэмжиж байгаад талархаж байгаа. Улаанбаатар хотод гэхэд 157 сургууль шаардлагатай байна. Үүнийг барих төсвийн чадамж алга. Японы өвсний үндсээр манай сургуулиудын шинэчлэлийг хийсэн шиг иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхээс өөр арга ЗГ-т алга.
Дэд бүтцийн томоохон буюу ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт баталж өгсөн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд мөнгө, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Тэгэхээр өөр арга алга. Тэгээд л оруулж ирж байгаа юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан