2025.05.21

Ц.Мөнхтуяа: Багш нар орчин нөхцөл муутайгаас бус цалингийн хүртээмжгүй байдлаас улбаалан ажлаасаа гарч байгаа!

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо /2025.05.21/-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: 

Ж.Галбадрах гишүүн судалгаатай зүйл хийсэн байна. Багш нар орчин нөхцөл муутайгаас биш багшийн ажлын байрны хомсдолоос гаргах, ажиллуулах гол хөшүүрэг бол цалин юм. Цалингаа нэмье гээд ярихаар би буруутан болоод байна. Би мэдэхгүй байж мэддэг юм шиг царайлж юм ярих дургүй. Багш нар бодит байдал дээр цалингаас болж ажлаа хаяж байгаа. Тэрнээс биш орчин нөхцөл голоод зиндаархсан зүйл байхгүй. Амьдралын баталгаа болсон цалин байхгүй, орон сууц авах ипотекийн зээлд хамрагдах гэхээр цалин хүрэхгүй. Боловсролыг төлөөлж байгаа УИХ-ын эрхэм гишүүдээс хүсэх ганц зүйл байна. Бид олон гоё зүйл яриад байж болно, янз бүрийн ппт тавиад, янз бүрийн судалгаа хийгээд яваад байж болно.  Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Цалин нэмж байж л бүх асуудал шийдэгдэнэ гэдгийг бүх гишүүд ойлгоорой. 2017 оноос хойш л багшийн цалин ярьсан. Одоо худлаа хэлсэн хүнд 10 жил ярьж байна. Ичмээр байна. Ялангуяа боловсролыг төлөөлж байгаа бид 2028 онд юу ярьж багш нарынхаа өмнө зогсож байх юм. Энд байгаа гишүүд эв санаагаа нэгтгээд багшийн цалин нэмэх асуудал дээр анхаармаар байна. Ганц би цалин яриад байхаар сүүлдээ улиг домог болж байна. Багшийн ажлын хомсдол, сурах бичгийн алдаа дутагдал гэх мэт алдаа дутагдал байгаа. Хамгийн чухал нь цалин өсвөл сайн хүүхдүүд орж ирнэ. Боловсролын салбарт өрсөлдөөн бий болно. Одоо ямар ч өрсөлдөөн байхгүй. Өрсөлдөөнгүйн гол шалтгаан бол цалин юм. 12 дугаар ангийн сайн дүнтэй хүүхдүүд сарын 1,400,000 төгрөгийн цалин авах гэж юу гэж өрсөлдөх юм бэ? Цалингаа л ярья. Цалинг яаж нэмэх вэ? 10000 багш ажил хаях уу. Боловсролын салбараас яваад бүгд Солонгост очлоо. Дахин 10000 багшийн хомсдолд оръё. Тэгээд сурах бичиг, хөтөлбөр, сургалтын орчноо яриад байх юм уу? Багш нарын нийгмийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэж байж дараагийн зүйлийг яримаар байна. 

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан