2025.05.15

Ж.Батжаргал: Хөгжлийн банкаа босгож ирж байж, өөрийнхөө үйл ажиллагаагаар зээлээ буцаагаад төлж чаддаг төслүүдийг үүгээр дамжуулж, дэмжмээр байна

УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг нэлээн танилцсан, хооронд нь бас уялдуулж харах гээд оролдоод байна. Энэ 2026 он өөрөө, бүрэн эрхийн хугацааны шийдвэрлэх жил. Энэ жилд хэдүүлээ уг нь нэг гайгүйхэн суурь зөв алхмууд хийчихвэл үр дүн нь 2028 онд арай ахиу гарах юм гэж хараад байгаа юм. Тэгэхээр үүнрүүгээ нэг жоохон төвлөрмөөр юм шиг. Энэ хөгжлийн бодлого болон төлөвлөгөөнүүдийг бүх Байнгын хороогоор хэлэлцээд, санал дүгнэлт нь Эдийн засгийн байнгын хороон дээрээ ороод, тэндээ нэгдсэн дүгнэлт хийгдээд, чуулган руу орж ирдэг дэгийн зохицуулалтыг бид хийх ёстой юм байна. Тэгж байж бидний гарах шийдвэрийн ач холбогдол, чанар сайжрах ийм бололцоо байгаа гэдгийг зориуд хэлмээр санагдлаа. 2025 оны төсөв батлахдаа 2026 оныхоо төсөөллийг харсан улс л даа. Уг нь өсөлтөө 6,5 инфляцаа, 5 энэ, тэр гээд тооцсон. Тэгээд 6 сарын ард дээр 2026 он ороод ирэхээр өсөлт 6, инфляц 7 гэх мэтөөр болоод ороод ирж байгаа юм. Энэ өөрчлөлт зүгээр тоо тавиагүй нь ойлгомжтой. Юунаас болоод байгаа юм бэ гэдэг асуудал байгаа юм.

Уг нь эдийн засаг дээр тодорхой хэмжээний хүндрэл, уналт өгсөн үед, дараагийн сэргэлт нь өндөр гардаг. 2024 онд бид ХАА дээрээ нэлээн том уналт авсан улс, 2025, 2026 онд өсөлт арай өндөр гарах ёстой гэж төсөөлөөд байгаа юм. Яагаад тэгж гарахгүй байна вэ? 2026 онд 5 их наядын улсын болоод, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай 3,6-гийн гадаадын зээлийн ашиглалттай, 6 их наядын шууд хөрөнгө оруулалт татах хэлбэрийн асуудалтайгаар үндсэн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулжээ. Гэтэл зээл нь авагдахаар соёрхон батлагдчихсан, төсөл нь эхэлчихсэн, ашиглалтад орох хугацаа нь тодорхой болчихсон олон төслүүд байгаад байгаа юм. Төсвийн тусгай шаардлагаараа зохицуулагдаад зээлээ цаг хугацаанд нь бүрэн авч ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа.

2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд энэ асуудлаа зохицуулахаар юу тусаж орсон юм бэ. Миний ойлгож байгаагаар Хөгжлийн банкаа босгож ирж байж, өөрөө өөрийнхөө үйлдвэрлэл гэдэг юм уу, үйл ажиллагаагаар зээлээ буцаагаад төлчихдөг, тийм төслүүдийг үүгээр дамжуулмаар байна. Нөөц хязгаарлагдмал байхад, нэг хэсэг хөрөнгөө баялгийн сан дээр аваачиж тавьчхаад, яг нарийндаа өгөөж ч тооцуулахгүй хэвтүүлээд байгаа юм. Яаж эргэлтэд оруулъя гэж бодоод байгаа юм бэ?

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа