2025.05.15

Б.Жаргалан: Төсвийн зардал, урсгал зардлыг ДНБ-ий 24 хувьд барья гэсэн зорилго тавьсанд талархаж байна

УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан асуулт асуулаа. 

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг Эдийн засаг, хөгжлийн яамнаас өргөн барьсан. Эдийн засгийн эрх чөлөөний реформ гэсэн гарчигтай ийм хөгжлийн төлөвлөгөө өргөн барьсан явдалд талархаж байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг дахь төрийн оролцоо үлэмж нэмэгдэж байна, хувийн хэвшлийн орон зай шахагдаж байгаа талаар маш их ярьсан. ЭЗХЯ энэ асуудалд анхаараад төрөөсөө төсвийн бодлогоосоо эхэлье гэдэг агуулгаар төлөвлөгөөний баримт бичиг өргөн барьж байгаад баяртай байгаа юм. Тэгэхээр төрийн албаны реформыг хийе гэсэн зорилт тавьсан байна. Төрийн захиргааны албан тушаалтнуудыг 9 хувиар бууруулъя гэсэн байна. Төсвийн зардал, урсгал зардлыг ДНБ-ий 24 хувьд барья гэсэн байна. Сүүлийн жилүүдэд бидний маш их ярьсан төрийн өмчит компаниудын реформыг хийе, бүтээмжийг нэмэгдүүлье, тэнд ажиллаж байгаа 50-60 мянган хүнийг цомхотгоё гэсэн зорилтуудыг тавьсанд талархаж байна. Л.Гантөмөр сайдад баяр хүргэе!

Хоёрдугаарт, төсвийн бодлоготойгоо нийцүүлээд хувийн хэвшлийнхээ орон зайг тэлэхийн тулд бид татварынхаа бодлогыг давхар авч явах ёстой гэж үзэж байна. ЗГ-аас Татварын багц хуулийг өргөн барина гэсэн хүлээттэй байгаа. Өчигдөр ЭЗ-ийн байнгын хороон дээр асуухад төсөвтэйгөө хамт намрын чуулганаар өргөн барина гэсэн зүйл яригдсан. Үүн дээр Сангийн яам эртхэн ажлуудаа хийгээд, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллаад татварынхаа маш чамбай хууль оруулаад ирмээр байна. Тэгэхээр энэ тал дээр явц ямар байгааг Б.Жавхлан сайдаас асууя!
2025 оны төсөв дээр их асуудлууд яригдаж байгаа. Нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор төсвийн орлого тодорхой хэмжээнд буурч байгаа гэсэн зүйлүүд байгаа. Түүнээс гадна 2025 оны төсөвт хөрөнгө оруулалт талдаа суусан төслүүдийн төсөл арга хэмжээнүүдийн тендер эхний хагас жилдээ багтаад явсан байх ёстой. Тэгэхээр үүнээс хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна вэ?
Хоёрхон 7 хоног үлдчихлээ та бүхэнд.

Гуравдугаарт, ер нь бид жилийн хөгжлийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэгдэж байгаа энэ цаг мөчид мега төслүүд гэгдээд байгаа хөрөнгө оруулалтын томоохон төслүүдээ яах юм бэ? ЭЗ-ийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Намар байснаас арай өөр нөхцөл байдал өөр болчихлоо. Хөрөнгө оруулалтын бодлого дээрээ УИХ, ЗГ тодорхой шийдэмгий байр сууриа нэгтгээд гаргах нь зөв гэж хараад байгаа юм. Тэгэхээр хөгжлийн төлөвлөгөөнд ороод ирчихсэн ЗГ-ын яриад байгаа 14 мега төсөлд багтсан төслүүд дээр хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүд нь тодорхойгүй, ТЭЗҮ байгаа эсэх нь тодорхойгүй төслүүд яваад байна. Өчигдөр ЭЗБХ, Сангийн яамнаас асуусан. 2024 оны төсвийн тодотголд бид бараг 300-400 сая тэрбум төгрөгийн ТЭЗҮ-ийн зардал баталсан. Тэр зардлууд юу болсон бэ гэтэл 258,4 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгийн дансанд байгаа гэсэн зүйл надад хэлсэн. Тэрийг сануулъя! Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төслүүдийн зураг төсөлд 70 тэрбум Шадар сайд дээр, Өөдөө тэмүүлэх ган татлагат гүүр 28,6 тэрбум, Шинэ их тойруу хурдны зам 23 тэрбум гэхчилэн 24 оны төсвийн тодотголд багтсан ТЭЗҮ-үүд юу болж байгаа вэ? Б.Жавхлан сайдаа танаас хариулт авъя.

Мега төслүүдийн нэг болох Таван толгой цахилгаан станцын асуудал байна. Бид эрчим хүчний тусгаар тогтнолоо хадгалах ёстой байгаа. Үүний явц ямар байна вэ? Хөгжлийн төлөвлөгөөг харахад хөрөнгө оруулалт тодорхойгүй байна. Энэ тал дээр хариулт авъя.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн