2025.05.15
Д.Амарбаясгалан: Хил дээрээс буцаадаг асуудал Хүний эрхийн зөрчил болж буй учраас ГХЯ онцгойлон анхаармаар байна
УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлж, асуулт асуулаа.
Визээ гаргуулж авчихаад, зардал мөнгөөрөө билетээ захиалаад тухайн улсдаа нэвтэрч чадахгүй байгаа буюу Солонгос улс руу нэвтэрч чадахгүй байгаа иргэдийн асуудлыг Гадаад хэргийн яам яаж анхаарч байна аа?
Нэг л зарчим шүү дээ, яах гэж виз өгсөн юм? Визээ авчихаад яваад очихоор оруулахгүй. Тэгээд хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа нөхцөл байдал дээр ГХЯ иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэл дээр ямар ажил хийв ээ? Иргэд энэ асуудлыг төрдөө хандан удаа дараа тавьж байна. Хэвлэлийн бага хурал ч хийж байна. Жижиг асуудал биш л дээ. Нөгөө талын асуудал гээд орхих асуудал ч биш. Нэг л зарчим байгаа шүү дээ. Виз өгөгдчихсөн юм бол яагаад оруулахгүй байгаа юм гэдэг асуудал.
Түүний асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариуллаа.
Гадаад харилцааны яам сүүлийн жилүүдэд харилцан адил байх визний хөнгөлөлт үзүүлэх талаар БНСУ-ын ЗГ-тай байнга ярьж байгаа. Зорчих хөдөлгөөн бол маш их нэмэгдсэн. Ковидоос хойш 2 дахин нэмэгдсэн. 60 орчим мянган хүн тэнд ажиллаж, амьдарч сурч байгаа. Сүүлийн үед зөрчил гарах тоо маш их нэмэгдсэн. Хил дээрээс буцах журам нь их нарийн, солонгост хууль бусаар ажиллаж байгаа иргэдээ буцаах компанит ажлыг сүүлийн 2 жил хийж байгаа. Үүнтэй холбоотой манайд зорилгоо тодорхойлж чадахгүй байх, бөглөсөн материалаасаа зөрсөн зүйл ярих буцах, очих хаягаа мэдэхгүй гэх мэт өөрийнх нь хууль дүрмэнд нийцэхгүй, шаардлагыг нь хангахгүй байгаа учраас хил дээрээс зарим иргэдийг буцаасан асуудал гарч байгаа. Нөгөө талдаа гомдол гаргаж байгаа иргэд 2025 оны 1 сараас хойш 5 сарын хугацаанд албан ёсоор манай яаманд гомдол гаргасан 3 иргэний асуудлыг Солонгосын талд тавихад манай улсад байгаа консулын ажилтнуудыг дуудаад яг тухайн нөхцөл байдлын бичлэгийг үзүүлж эрх нь зөрчигдсөн асуудал дээр 2 талтай зүйл ярьж байгаа. Бидэнд мэдээлж байгаа нь солонгосын талтай зөрүүтэй байх, өөрсдөө зөрчил гаргасан ч мэдүүлээгүй гээд. Жишээлбэл гарын үсэг зурах эсэх, өмнө нь зөрчил гаргаад, дахин худал материал өгсөн байна гэдэг асуудал, танхайралд өөрсдөө эхэлсэн ч гэдэг юмуу айлын тал сөргүүлээд мэдээллийг өгч байгаа. Тэгэхээр үүнийг ганцхан талын асуудал гэж хэлж болохгүй. Иргэдээ мэдээлжүүлэх, материал бүрдүүлж өгч байгаа 14 компани байгаа. Визний мэдүүлгийг нь бөглөж өгдөг, үйлчилгээ үзүүлдэг компаниудтай ярилцах хүсэлтээ БНСУ-ын Элчин сайдын яаманд удаа дараа тавьсан. Иргэдээс ирсэн гомдолд солонгосын талаас нотлох баримттай материал өгөөч ээ. Ганцхан сошиал дээр тавьсан мэдээлэлд хариулт өгөх нь учир дутагдалтай байна гэсэн зүйл ярьж байгаа. УИХ-ын даргын урилгаар ирсэн даргын айлчлалын үеэр ч гэсэн энэ асуудлыг өндөр дээд хэмжээнд тавьсан. Монгол-Солонгос парламентын бүлгийн гишүүд ч их ярьж байгаа. Энэ зөвхөн Монголын асуудал биш. Бүгдэд нь адилхан дүрэм журам үйлчилдэг гэдгийг айлын тал тайлбарладаг.

Сэтгүүлч