Д.Бум-Очир: 45 хоногийн курсээр багшийн дутагдлыг нөхөж чадна гэж би бодохгүй байна
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /-ийг хэлэлцүүллээ.
2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан гишүүд тус салбарын асуудлуудыг хөндөж, тодорхой шийдлүүдийг дэвшүүлж байв.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
Боловсролын ерөнхий хуульд судалгааны их сургуулийн хуулийг засгийн газар өргөн барина гэсэн байгаа.Энэ чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ? 2026 онд судалгааны их сургуулийн тухай хууль орж ирэх үү?
Хоёрдугаарт
Их сургууль шинжлэх ухааны байгууллага мөн үү биш үү. Эдийн засаг, хөгжлийн яаман дээр шинжлэх ухааны салбар байгаа. Одоогийн байгаа хууль, эрх зүйн орчноор их сургуулиудыг шинжлэх ухааны байгууллага гэж үзэхгүй байх шиг байна. Шинжлэх ухаан технологийн хуульд холбогдох байгууллага гэдэг дээр шинжлэх ухааны академи байгаа болохоос биш их сургууль байхгүй байгаа.Эдгээр төлөвлөгөөг харахаар их сургууль дээр байгаа хүрээлэнгүүдийг эрдэм шинжилгээний байгууллага гэж үзээд их сургуулийг нь шинжлэх ухааны байгууллага гэж үзэхгүй байгаа юм шиг харагдаад байна.Тэгэхээр үүнийг нэг тийш нь болгохгүй бол их сургуулийг шинжлэх ухааны байгууллага гэж үзэхгүй юм бол их сургуулиудаа дэлхийн эрэмбийн жагсаалтад оруулах асуудал бүрэн хэрэгжиж чадахгүй. Их сургуулийг шинжлэх ухааны байгууллага гэж үзэхгүй бол Шинжлэх ухааны академи гэсэн ганцхан байгууллагатай болж харагдана. Тэгтэл энэ нь Орос, Монгол, Хятад гуравт байдаг тогтолцоо.Жишээ нь Британийн академи гэдэг бол шинжлэх ухааны байгууллага биш шинжлэх ухааны байгууллагыг дэмждэг менежментийн байгууллага.
Гуравдугаарт,
Маш олон сургууль, цэцэрлэг, багш нарын дутагдалтай байгаа. 777 багш нэмэгдсэн гэсэн төлөвлөгөө байна. Үүнийг боловсролын яамнаас тодруулмаар байна. Багшийн хүрэлцээг цаашид хэрхэн нэмэх гэж байгаа вэ? 45 хоногийн курсээр багшийн дутагдлыг нөхөж чадна гэж би бодохгүй байна.Тэгэхээр цаашдаа 2026 оныг боловсролын жил болгон зарлаж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд яаралтай сургууль, цэцэрлэг барих хэрэгтэй. Энэ төсөвт бол харагдахгүй байгаа. Цаашдаа энэ дутуу байгаа сургууль, цэцэрлэгээ ямар төсвөөр барих юм бэ? Дутуу байгаа багш нараа хэрхэн нөхөх вэ? Энэ бол маш их тулгамдсан асуудал. Үүний цаана боловсролын чанарын асуудал, үүний цаана хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, төлөвшил буюу ирээдүйн монгол улсын иргэдийг чанартайгаар бэлтгэх асуудал байгаа. Бид хэзээ энэ дутагдлаасаа арилах юм бэ?
Түүний асуудалд, Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар хариуллаа.