Л.Соронзонболд:
Макро эдийн засгийн өөрчлөлтийг цогцоор нь харж, сахилга баттай төсвийн бодлого гаргаснаар ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 2 дугаар тогтоолоор байгуулагдсан “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж буй УИХ-ын гишүүн Л.Соронзонболдтой ярилцлаа.
Ажлын хэсгийн зорилгыг зээлийн хүү буурахгүй байгаа шалтгааныг илрүүлэх, цаашид зээлийн хүүг бууруулах бодлогын зөв алхмуудыг тодорхойлох гэж харж байна?
Зээлийн хүүг бууруулах стратегийг УИХ-аас 2020 онд баталсан. Уг стратегийн 2025 оны хэрэгжилтэд манай ажлын хэсэг хяналт тавьж байгаа. Батлагдсан стратегийн дагуу Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/, Засгийн газрын зүгээс хийх ажлууд байсан. Энэ ажлуудаа ямар хэмжээнд хийсэн бэ гэдэг дүгнэлт, цаашдаа ямар арга хэмжээг авбал зохих вэ гэдэг дээр бид бодлогын баримт бичиг гаргана гэсэн үг. Нэг ёсондоо Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ цаашид юу хийх ёстой вэ гэдгийг тодорхойлох зорилгын дор ажиллаж буй. Энэ хүрээндээ Монгол банк, СЗХ, Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яамны ажлуудтай танилцсан.
Зээлийн хүүг бууруулах хүрээнд өнөөдөр эдийн засагч, судлаачдын санал дүгнэлтийг сонсох, мэдээлэл солилцох уулзалтыг хийлээ. Энд зээлийн хүүгийн тааз тогтоох, дэлхийн улс орнуудын сайн жишээг шууд нутагшуулах гэх мэт олон саналуудыг эдийн засагчид хэлж байна. Та үүнийг хэрхэн харж байна?
Тийм. Судлаач Н.Дашзэвэг нарын эдийн засагчид нийлээд “Зээлийн хүүгийн таазыг тогтоох нь зээлийн хүүг бууруулахад тодорхой үр дүнтэй” гэдэг саналыг гаргасан. Энэ саналд нь тулгуурлаад ажлын хэсгийн зүгээс өнөөдөр /2025-06-04/ хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт, “Зээлийн хүүгийн тааз нь санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаасаа чухал болохоос зээлийн хүүг бууруулахад зээлийн хүүгийн тааз тогтоох нь үр дүн багатай” гэдэг санал гарсан. Нөгөө талдаа хийж хэрэгжүүлээд үзье ч гэх саналуудыг гаргаж байна. Яахав, зээлийн хүү нь бага байгаа гаднын улс орнуудад нэг онцлог бий. Тухайн улс орны эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, макро эдийн засгийн үзүүлэлтүүд нь “сайн” байна. Өөрөөр хэлбэл, тухайн улс орон нь өөрийнхөө нийт зээлийн хэрэгцээгээ дотоодын хуримтлалаараа хангаж чаддаг гэсэн үг. Харин Монгол Улс тэгж чадахгүй байна.
Тухайлбал, Монголчуудын нийт хуримтлал нь манай улсад хэрэгцээтэй байгаа зээлийн хэрэгцээний дөнгөж 70%-ийг хангаж байна. Үлдсэн 30%-ийг гадаад улс орнуудаас ам.долларыг 1 жилийн 8-11%-ийн хүүтэй зээлж авдаг.
Түүнийгээ төгрөг болгохоор дахиад дээр нь 4-5%-ийн зардал нэмэгддэг. Ийн гадаад улс орнуудаас авч байгаа зээлийг төгрөгөөр тооцвол 13-16%-ийн хүүтэй болчихдог. Ингээд төгрөгөөр 13-16%-ийн хүүтэй эх үүсвэр татсан улсууд чинь цаашаагаа зээлээ өгөхдөө үйл ажиллагааны зардал, эрсдэлийн тооцоо, ашгаа нэмнэ гээд бодоод үзэхээр өнөөдрийн зээлийн хүү 18-20%-тай болчхоод байгаа юм. Нөгөө талдаа банкнууд иргэдээс хадгаламж татахад жилийн 13-16%-ийн хүүтэй байгаа. Дотоодоосоо татсан хадгаламжаа цааш нь зээлдүүлэхээр зээлийн хүү 18-20% гэх мэт онцлогууд байна.
Тиймээс бид макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Монгол Улс эдийн засгийнхаа бүтцийг сайтар харах шаардлагатай.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш савлахад дагаад эдийн засаг унадаг байх жишээний. Энэ байдлаасаа бид тодорхой хэмжээнд гарах ёстой. Үүний тулд ХАА-н бүтээгдэхүүнээ дотооддоо бүрэн гүйцэд боловсруулж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Түүнчлэн инфляцыг багасгахад ЗГ-аас тухайлсан ажлуудаа сайн хиймээр байна. Ингэж гэмээ нь цаашдаа зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ.
Хуульд өөрчлөлт орууллаа гээд асуудал бүрэн шийдэгдэхгүй. Асуудлыг цогцоор нь авч үзэх ёстойг эдийн засагчид хэлж байна?
Сүүлийн жилүүдэд төсвийн хэт тэлэлтээс үүдэн Монгол банк инфляцтай холбогдуулан бодлогын хүүгээ нэмэх асуудал үүсдэг. Бодлогын хүү нэмэгдээд ирэхээр ялгаагүй дахиад л зээлийн хүү өсдөг. Инфляц бага байх нөхцөл нь төсвийн зардлын тэлэлтгүй байх явдал. Мөн валютын ханшийн бодлогоо зөв барьж явах ёстой. Валютын ханшийн хэлбэлзэл инфляцад нөлөөлдөг. Инфляц өсөхөөр Монгол банк бодлогын хүүгээ өсгөчихдөг. Ингээд л зээлийн хүү нь өсчихдөг. Тиймээс бид макро эдийн засгийнхаа өөрчлөлтийг цогцоор нь буюу илүү томоор нь харж, сахилга баттай төсвийн бодлого гаргах нь зүйтэй. Нөгөө талдаа эдийн засгийн бүтцээ өөрчилж гэмээ нь зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ гэсэн дүгнэлтийг гаргасан.
Ажлын хэсгийн дараагийн ажлын төлөвлөгөө юу байна вэ?
Дээр дурдсан байгууллагуудын хийсэн ажилд үнэлгээ гаргана. Арилжааны банкнууд болон Банк бус санхүүгийн байгууллагуудын зүгээс зээлийн хүүг бууруулахтай холбоотой “тухайлсан” арга хэмжээг аваад өгчихвөл зээлийн хүү буурах боломжтой гэдэг саналуудаа бидэнд өгчихсөн байгаа. Эдгээр саналын дагуу ажлын хэсгийн зүгээс ЗГ, СЗХ, Монгол банк юун дээр анхаарвал зохих талаар тодорхой чиглэл гаргаад явна.