2025.04.08

Ж.Чинбүрэн: Татварын дайн Монгол Улсад алтан боломж гаргаж өгөөд байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2025.04.08/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох, Хаврын тариалалтын бэлтгэл ажил, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Э.Чинбүрэн:

Дэлхийн хэмжээнд яригдаж буй үнэ тариф, геополитикийн зөрчилдөөнд Монгол Улсад давуу боломж гарч байна гэж харж байна. Энэ алтан боломжийг ашиглах тал дээр УИХ, Мэргэжлийн яам, Засгийн Газар хамтраад шуурхай арга хэмжээ авах нь чухал. Динамик байхгүй бол цаг хугацаа өнгөрч боломжуудаа бид алдах вий гэсэн болгоомжлол байна. БНХАУ-д 34 хувь, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 100 хүртэл татвар нэмнэ гэсэн мэдэгдлүүдийг бид харж байна. Энэ нь бидэнд боломж үүсч байгаагийн нотолгоо юм. Давуу тал болгож ашиглахад бүхий л боломжоо дайчлах нь зүйтэй. Боломж болгосон Цагаан алт хөтөлбөрийнхөө хүрээнд эргэлтийн санг нэмэгдүүлэх тал дээр байнгын хороогоороо ажиллаж, цаашид юу хийх тал дээр шийдвэр гаргаад явах нь зүйтэй. Ж.Энхбаяр сайд та саналаа тодорхой хэлээрэй. Бид таныг ойлгож байна. Байгалиас өөрөөс нь бий болж буй дундаршгүй энэ баялгаа зөв ашиглах, үнэ цэнэд хүргэх маш том боломж гэж харж байна. Татварын дайн Монгол Улсад илүү боломжийг гаргаж өгч байна. Үүнтэй холбоотой дараа дараагийн алхмуудаа сайд та бодож байгаа байх. Бид хамаг баялгаа гадагш цацах биш үйлдвэрлэдэг байх, бүтээдэг байх бодлогын үргэлжлэл нь үйлдвэрлэлийн тэлэлтийн асуудлуудтай холбогдоно. Арилжааны банкуудад идэвхтэй оролцох боломжийг гаргаж өгөөсэй гэж хүсч байна. Бодлогын том дэмжлэгийг Монголбанкаар дамжуулж арилжааны банкүүдэд үзүүлэх нөхцөл боломжууд юу байдаг юм, энэ талаас нь та хараарай. Гадныхан манайхаас ноос ноолуур авдаг биш, монголчууд өөрсдөө үүнийгээ боловсруулж бүтээгдэхүүн болгож чаддаг байгаасай гэж бодож байна. Тухайлбал дэлхий даяар хэрэглэдэг кашмерэн пальто манайд ямар боломжийн үнэтэй байна вэ. Гадаад найз нар маань пальто авах гэж ирлээ гэдэг. Энэ бол бидэнд том боломж. Тиймээс дэмжиж байна.