2025.07.01

Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлээсэй гэж хүсье

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025/07/01ний өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг танилцууллаа.

Г.Адьяа нэр дэвшигчид УИХ-ын гишүүн Ж.Баясгалан захиас дайлаа.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Г.Адьяа танд хэлэх үг байна. Өөрийнх нь мэдлэг чадвар, ажилласан жил, ажлын дадлага, туршлага энэ бүгдийг нь харвал яалт ч үгүй л юм хийчих болов уу гэсэн бодол төрж байна. Нөгөө талдаа хийх зүйлүүд дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нэг ч үг дурдаагүй байсан. Нийгмийн нэг төлөөлөл учраас анхаараарай. Түрүүн та яриандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ярьж байхдаа тахир дутуу гэж хэрэглэхээ больсон хуучин тэр нэр томьёог ашиглаж байна. Энэ нь өөрөө ялгаварлан гадуурхаж байгаа алдааны нэг хэлбэр шүү. О.Саранчулуун гишүүн сайн тайлбарласан байх. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ороод ирээсэй гэсэн хүлээлт байсан. Тэгэхдээ нэгэнт орж ирээгүй юм чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх ойлголтыг маш сайн нэмэгдүүлээсэй гэж нэр дэвшигчдэдээ хүсэж байна. Нийгмийн даатгалтай хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань яаж холбогддог вэ гэвэл. Өмнө нь хөдөлмөр эрхэлж байсан иргэд хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд нийгмийн даатгалаас тэтгэмжээ авдаг. Тэрний нэг нь би өөрийн биеэр сууж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд татвараа төлөөд дахиад шилжинэ гэдэг асуудал хүнд байдаг. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд халамжаас хөдөлмөр лүү гэдэг уриатай. Халамж авагч хэзээ ч хөдөлмөр эрхэлж байгаа хүнээс илүү хэмжээнд авч болохгүй гэдэг үүднээс халамжийн мөнгө үргэлж бага байдаг. Халамж авч байгаа хүмүүсийн халамж амьдралд нь хаана ч хүрдэггүй. Халамж өгсөн нэрээр бусад хүртээмжийн асуудлыг нь дандаа хаядаг. Тэгэхээр хүртээмжийн асуудал дээр нь оролцоод өгөөрэй. Хүсэх зүйл гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголтоо илүү сайн нэмэгдүүлээрэй. Энэ хүмүүсийн төлөө дуу хоолой нь болоод ажиллаад өгөөрэй гэж хүсье. Баярлалаа.