2025.06.13

Л.Соронзонболд: 14 мега төслүүдийг нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

Нэр дэвшигч Г.Занданшатарыг дэмжиж байна. Орон сууцны банкны санааг дэмжиж байна. Гэхдээ үүнийг төр дангаараа хийх биш хувийн сектортой хамтарч хэрэгжүүлээд, хэрэгжүүлсэн тохиолдолд яаж дэмжихээ тодорхой болгох нь зөв гэж бодож байна. Яагаад гэвэл Засгийн газрын бодлогод маш идэвхтэй оролцсон Монгол банк 7,5 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Онолоороо энэ алдагдлыг Засгийн газар нөхөх ёстой.

Мөн нийгмийн даатгалын нэрийн дансны 39 их наяд төгрөгийн өрийг бодоод үзвэл Монгол Улсын Засгийн Газрын бодит өр маш их байна. Тийм учраас аливаа ажлыг хийхдээ төр дангаараа биш хувийн сектортой хамтарч хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж хэлмээр байна. Нөгөө талаараа 14 мега төслийн ирэх 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гээд 2024 онд баталсан. Эдгээр төслүүдээс Монгол Улсад үзүүлэх нийгэм, эдийн засгийн ач холбогдол өөрийгөө санхүүжүүлэх болон орлого олох боломжоор нь эрэмбэлж хэрэгжүүлэх дээр анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр төслийг хэрэгжүүлэх тал дээр Засгийн газрын өрний асуудал үүсээд байгаа юм. Тийм учраас төр өөрөө хэрэгжүүлэх тал дээр бус Монгол Улсын чадалтай томоохон компаниудаар хариуцуулж хийлгэх тал дээр санаачилгатай ажиллаарай гэж хэлмээр байна.