2025.06.12

Б.Бат-Эрдэнэ: ААН-үүдийг дэмжих томоохон реформын шинжтэй үйл ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай болсон

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар таныг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. 1990 он гарснаас хойш бид нар эрх чөлөө гэж маш олон зүйл ярьж, өнөөдрийг хүртэл 35 жил явж ирлээ. Яг үнэндээ эрх чөлөөний шинэчлэл Монгол Улсад хэдий түвшинд хийгдэж байгаа вэ гэдгээ эргэж дүгнэх цаг хугацаа болсон юм болов уу гэж ойлгож байгаа. Иргэд, ард түмний хувьд хүлээлт их өндөр байна. Энэ ард түмний хүлээлтэд нийцсэн, дээрээс нь таны өөрийн сая хэлсэнчлэн хэлдэг биш, хийдэг үнэн Ерөнхий сайд байна гэж хэлж байгаа явдалд туйлын талархалтай байна. Энэ хөгжлийн үндсэн чиглэлүүдийг их сайн бодож харж хийх ёстой болов уу.

Нэг, бид нар эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Өнөөдөр бид нар 14 мега төсөл энэ эдийн засгийн эрх чөлөөтэй л холбоотой асуудал. Нөгөө талдаа бүсчилсэн хөгжилтэй холбоотой асуудал. Мөн адилхан эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой. ААН-үүдээ дэмжих бодлогыг зайлшгүй явуулах шаардлагатай. Хөдөө орон нутагт ажлын байр бий болгох шаардлага байна. Үүний тулд бид нар татвар төлөгч бизнес эрхлэгч иргэн ААН-үүдийг дэмжих томоохон реформын шинжтэй үйл ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай болжээ. Эдийн засаг хүндэрч байна. Хамгийн түрүүнд бизнес эрхлэгчдийгээ түшээсэй гэж хүсэж байгаа. Бид нар татвар, НДШ-ийн реформыг та хийнэ гэдгээ хэллээ. Үүнд маш талархалтай байна.

ААН-үүд маш сайнаар хүлээж авах болов уу. Энэ нүсэр бүтэцтэй холбоотой асуудлууд байна. Өнөөдөр хувийн хэвшил рүүгээ төрийн үйл ажиллагаа тодорхой хэмжээний чиг үүргийнх нь дагуу, хувийн хэвшлээ дэмжих хэлбэр дээр явж байж, улс орон хөгждөг болохоос биш, хувийн хэвшлийнхээ хийж байгаа бизнес үйл ажиллагааг, ТӨК, Үндэсний хороо, зөвлөл, комисс гэж байгуулах нэрээр эсвэл аливаа нэг агентлаг байгуулах нэрээр төр булааж авдаг энэ хэлбэрээс татгалзаасай гэж хүсэж байгаа юм. Төрийн нүсэр бүтцийг ялангуяа цэгцлээсэй. Энэ данхайсан төрийн чөлөөлөлтийг хийгээсэй гэдэг ийм хүсэл эрмэлзэл ААН-үүдийн хувьд бол ний нуугүй хэлэхэд байна. Энэ яам, агентлаг, үндэсний хороонуудыг бүгдийг нь цэгцлэх шаардлагатай.

Давхардсан бүтэцтэй холбогдуулаад чиг үүргийн давхардлаас улбаатайгаар үүсэж байгаа үл ойлгогдох асуудлаас улбаатайгаар улс эх орны хөгжил гацаж байгаа зүйлсүүд байна. Нөгөө талдаа анхдагч хэрэглээний эрх чөлөөг хийх шаардлагатай. Эрчим хүчний эрх чөлөө, эрүүл мэнд, ногоон хөгжлийн асуудлууд, баялгийн хуваарилалтууд гээд олон асуудлуудыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа