2025.06.19
Б.Жаргалан: 226 тэрбумыг дулаалга, халаалтыг санхүүжүүлэх аянд зарцуулбал 20-30 мянган айлыг яндангүй болгох боломжтой!
УИХ-ын чуулганы 2025.06.19ний өдрийн нэгдсэн хуралдаанаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгийн гишүүдээс УИХ-ын гишүүн Б.Жаргалан асуулт асуув.
2025 оны 06 дугаар сарын 05-нд УИХ-аас 53 тоот тогтоолыг баталсан. Өөрөөр хэлбэл УИХ шат дараалсан байдлаар Засгийн газарт чиглэл өгөх, үйл ажиллагааны хөтөлбөр төсөвт тусгах замаар утааг 3 жилийн дотор бүрэн алга болгох зорилтуудыг дэвшүүлээд ажиллах шаардлагатай гэж үзэж байна. 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан 53 тоот тогтоолоор дэвшүүлсэн зорилт бол 3 жилийн дотор нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын чанарыг Монгол Улсын стандартын жилийн дундаж үзүүлэлтэд бүрэн нийцүүлэх. Мөн Төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх зарчмын буюу үзэл санааны шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд өөрөө ахалж, Улс төрийн манлайлал үзүүлж ажиллах ёстой үүрэг чиглэлийг өмнөх тогтоолоор засгийн газарт өгсөн. Г.Лувсанжамц гишүүн тэргүүтэй ажлын хэсгийн оруулж байгаа Ногоон санхүүжилтийн тогтоол бол зуух, яндан, түлшинд мөнгө зарцуулахгүй бол юунд мөнгө зарах вэ гэдгийг илүү тодорхой болгож байгаа тогтоол. Тэгэхээр дулаалгын арга хэмжээг авъя. Халаалтын асуудлыг шийдье гэдэг байдлаар Улаанбаатар хотын утаанаас ангижрах төлөвлөгөөнүүд шат дараалалтай боловсруулагдаад явж байгаа. Гэвч харамсалтай нь УИХ дээр улс төрийн шийдвэр гарч байхад нийслэл хотоос гаргаж байгаа шийдвэрүүд уялдахгүй байна. Тухайлбал Хятад улсаас хөх нүүрс гэж нэрлэгдээд байгаа хагас коксжих түлш 226 тэрбум төгрөгөөр худалдаж авах тендер зарласан. Өөрөөр хэлбэл ирэх төсвийн мөнгийг агаарт хийсгэх нь. УИХ дээр гарч байгаа бодлого, Засаг дээр гарч байгаа бодлого уялдахгүй байна. Тиймээс 53 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий сайдаас шаардмаар байна. Яагаад нийслэлээс зөрүүтэй бодлого гарч байна вэ? Яагаад заавал 226 тэрбумаар гаднаас нүүрс худалдаж авч байгаа юм бэ? Хэрвээ энэ 226 тэрбум төгрөгийг дулаалга болон халаалт санхүүжүүлэх аянд зарцуулах бол магадгүй 20, 30 мянган айлыг энэ жилдээ багтааж яндангүй болгох боломжтой болно. Тэгтэл энэ бодлого хэрэгжихгүй байна.
Түүний асуултад, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хариуллаа.