2018.11.02
Ж.Мөнхбат: Зураг төслүүдийг нэгдсэн стандартаар хийдэг болъё
Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
“Төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлуудын зураг төсөл сүүлийн жилүүдэд маш их асуудал үүсгэж байна. Зураг гаргах гэж их хэмжээний мөнгө зарлагадаж байна. Тиймээс бүгдийг сонголттой байдлаар нэгдсэн зураг төсөлтэй болгочихвол маргаан үүсэхгүй болно. Жишээлбэл сургууль цэцэрлэг соёлын төв барих 1-2 стандарт гаргаж батлаад түүнийг нь мөрдөөд явах хэрэгтэй. Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яам болон эрүүл мэндийн яаманд энэ их хэрэгтэй юм л даа. Мөн би соёл урлаг, спортын салбарынхантай их ойр байдаг учраас энэ салбарын төлөөлөгчид өчигдөр уулзсан юм. Ж.Эрдэнэбат ерөнхий сайд байх үед бид 2 санаачлан “Соёл урлагийн сан” гэж байгуулсан. Энэ санд ирэх оны төсөвт хэдэн төгрөг тавигдсан бэ? Бид Соёл урлаг спортын салбараа 3-4 тэрбумаар үнэлээд сандаа хөрөнгө хийгээд байх уу? гэтэл энэ мөнгө ЖДҮДС-аас зээл авсан 1 л хүний мөнгөтэй тэнцэж байна. Тиймээс төсвөөр санхүүждэг энэ сангуудад шалгалт хийж, аль нь нийгмийн үр өгөөж өндөртэй байгааг нь ахиухан төсөвлөдөг байх хэрэгтэй байна.” гэлээ.
Түүний асуултанд Сангийн яамны хөрөнгө оруулалтын газрын дарга, Төсвийн байнгын хорооны дарга болон Сангийн сайд нар хариулт өглөө.