2018.10.25

Б.Энх-Амгалан: ХУД-ийн 114-р сургуулийн барилгын өргөтгөлийн төсвийг шийдэх хэрэгтэй байна

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

“Төсвийн байнгын хорооноос асуух зүйлс байна.

  1. 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлж болгоно гэсэн. ХУД-ийн 114-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн байрны өргөтгөл. Төсөвт өртөгт өөрчлөлт орохгүй. 1500 гаруй хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна. Энэ жил гэхэд 1-р ангид 7 бүлэг өглөө 08-20 цаг хүртэл хичээллэж байна. Энэ асуудлыг Төсвийн байнгын хороо хэлэлцэж, оруулах боломж байна уу?

  2. 54 байршилд дахин барилгажуулах шаардлагатай МХЕГ-ын дүгнэлт гарсан барилгууд байна. Тэдгээрийн зарим нь онцгой нөхцөлд байна. Үүнийг ОУ-ын зээл тусламжийн зориулалтыг өөрчилж ийм онц нөхцөл үүссэн ХУД-ийн 35, 36-р байрууд эрсдэлд орохоор байна. Дотор нь амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдал ч хүнд байна шүү?”

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хариууллаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“ХУД-ийн Б.Энх-Амгалан гишүүний тойргийн төсвийн бүх санал ирж, төсөвт орсон. Таны хэлж байгаа дээрх санал ТБХ-д ирээгүй. Бид нийслэлийн тойргуудаас сонгогдсон гишүүдийн саналуудыг төсөвт оруулсан. Улаанбаатар хотын дэд бүтэц, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа. Нийслэлээс сонгогдсон гишүүдээс ирсэн дээрх асуудалтай холбоотой саналууд, бүтээн байгуулалтыг төсөвт оруулсан.”