2018.10.18

М.Билэгт: Эдийн засгаа солонгоруулахын тулд мал аж ахуйн салбараа дэмжих ёстой

Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Эдийн засгийн өсөлтийг харвал сайн зүйлс их харагдаж байна. Гэхдээ малчдын тэтгэвэр болон эхчүүдэд өгөх мөнгийг хойшлуулж байгаа нь чамлалттай байна. Эдийн засаг өсч байгаа тооны үр дүн иргэдийн халаасанд орох боломж байна уу? Зээлийн хүүний төлбөр их байсан. 2018 онд ямар болсон. 2019 онд хэд байх, цаашлаад 2020 он гэхэд хэр буурах вэ? Мөн хөдөө орон нутагт сургууль цэцэрлэг эмнэлэг чухал. Гэхдээ эдийн засгаа солонгоруулахын тулд мал аж ахуйн салбараа дэмжих, малчдынхаа бүтээсэн баялгийг хэрхэн эргэлтэнд оруулах вэ? Энэ нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ?”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

“Эдийн засгийн үр өгөөжийг иргэдээ ажлын байртай болгож байж л тэдний халаасанд хүргэж чадна. Тиймээс энэ чиглэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлээр хувийн хэвшлийнхэн идэвхи санаачлагатай ажиллах ёстой. 2017 онд авсан зээлийн хүүнд 1,4 тэрбум төгрөгийг төлөхөөр төлөвлөсөн. 2018 онд 1,2 тэрбум төгрөг төлөх байсныг оны эхэнд маш богино хугацаанд арга хэмжээ авч чадсан учраас төлөлт буурсан.  2019 оны төсөвл 870 орчим тэрбум төгрөгийг хүүнд нь төлнө.”