2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.01) хуралдаан 16 цаг 42 минутад гишүүдийн 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 2019 онд 9,676.5, 2020 онд 10,713.5 , 2021 онд 11,844.7 буюу Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд 27.48, 2020 онд 26.4, 2021 онд 26.4, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 2019 онд 11,589.8, 2020 онд 12,393.6, 2021 онд 12,901.1 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд 32.8, 2020 онд 30.6, 2021 онд 28.7, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ 2019 онд -1,913.3, 2020 онд -1,680.1, 2021 онд -1,056.4 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд -5.4, 2020 онд -4.1, 2021 онд -2.4, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2019 онд 3,251.8, 2020 онд 3,100.2, 2021 онд 2,927.3 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд 9.2, 2020 онд 7.6, 2021 онд 6.5, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 2019 онд 19,551.6, 2020 онд 19,390.8, 2021 онд 18,383.6 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд 55.3, 2020 онд 47.8, 2021 онд 41.0 хувь байхаар тус тус тусгажээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.