2018.10.25

Д.Тэрбишдагва: Тулгамдаж байгаа бондуудын өрийг тооцоолж үзэх хэрэгтэй

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагва:

“Баяр наадам болон шөнө хуралдах үеэр нэг юм болдог. Төсвийн байнгын хороо хурал 14 цагаас зарласан ч 17 цаг 30 минут хүртэл ирц бүрдээгүй байсан. Их орой хуралдсан байна. СХД-т олон асуудал байна. Бидний цөөн хэдэн санал төсөвт орсон ч томоохон ажлууд орхигдоод байна. Утааны асуудал ярьж байхад гол утаа үйлдвэрлэж байгаа 300 айл өнөөдөр цахилгаангүй. Энэ жил төсөвтөө тэдгээрийг хангах төсвийн хөрөнгийг шийдэх боломж алга уу? Тог байхгүй юм чинь нүүрсээ бусдаас илүү л түлж таарна.

Харин төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор, ТБХ-ны дарга болон Сангийн сайдаас асууя. Эндээс харахад Засгийн газрын өрийн хэмжээ 2015 онд 14 их наяд байсан 2016-2019 онд 22 их наяд байна. Ирэх жилүүдэд олон бондын төлбөр буюу өр маань нэмэгдэнэ. Төсвийн хүрээний мэдэгдэл хэр их бодитой юм бэ? 2020-2021 онд олон бондын өр төлөгдөх учраас хүндрэл бий болох уу?”

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хариуллаа.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

“Өчигдөр төсвийн байнгын хороо оройтох болсон шалтгаан нь төсвийн тухай хуулийн ажлын хэсэг санал хураамж амжихгүй байсан учраас оройтсон.”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

“Тулгамдаж байгаа өрүүд бий. 2021, 2022, 2023 онд гол ачаалал ирнэ. 2021 онд Мазаалай бондын 500 сая, 2022 онд Чингис бондын 1 тэрбум, 2023 он Гэрэгэ 800 сая ам.долларын өрийг төлнө. Сангийн яам 2020 оны сонгуулийн дараа юм чинь тэр үеийн засаг шийднэ биз гэж орхиогүй. Ханш, эдийн засагт нөлөө үзүүлж байгаа учраас санаачлага гарган ажиллаж байгаа. Засгийн газрын өр бол үе шаттайгаар буурч байгаа.”