2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.
Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн зүгээс хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй байна. Иймд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт, Л.Болд, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, хариулт авлаа. Үүний дараа зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.