Ж.Батсуурь: Эцэс төгсгөлгүй маргаанд цэг тавигдаж мэдэх юм
2012.03.28

Ж.Батсуурь: Эцэс төгсгөлгүй маргаанд цэг тавигдаж мэдэх юм

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай хоёр сонгуулийг хамтад нь явуулах боломж болоод долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдонөрнөж буй үйл явдлын талаарбайр суурийг нь сонссон юм.
-УИХ болоод Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах хуулийн хүрээнд АН бэлтгэлээ базааж эхэллээ. Засгийн газар ч хүчин төгөлдөр хуулиа мөрдөж, ажлаа хийхийг анхааруулаад байна. Гурван сарын хугацаанд бэлтгэл хангагдаж, хоёр сонгуулийг хамтад нь явуулах боломж бий юу?

-Бололцоо тааруухан байна гэж миний хувьд ойлгож байна. Нэгдүгээрт, иргэний ухаалаг үнэмлэхийг шинэчлэх асуудлыг удаан хугацаанд хэлэлцэсний эцэст энэ ажил зохион байгуулагдах шатандаа орсон. Энэ бол нарийн төвөгтэй процесс. Гадаадад үнэмлэхний бэлдэцийг хэвлүүлж, Улаанбаатарт авчирч, хэвлээд иргэдэд тараана гэж байгаа. Дулааны улиралд монголчууд зусланд гарч, орон нутаг руу явах нь элбэг. Мөн уул уурхай, барилгын ажил эхэлдэг хөдөлмөрийн насны хүмүүс бүртгэлтэй хаяган дээрээ байхгүй нь их. Тэгэхээр орон нутгийн удирдлага, аймаг, сумаар нь дамжуулаад үнэмлэхийг эзэнд нь хүргэхэд төвөгтэй болж, цаг хугацаа алдах байх. Үүнээс улбаалж иргэд гар дээрээ ухаалаг үнэмлэхээ аваагүйгээс болж санал өгөхгүйд хүрч мэднэ. Цаашлаад өнөөх сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдэд нэг шалтаг шалтгаан болох магадлалтай. Үнэмлэх хүргэх ажлыг муу зохион байгуулсан, зарим нь бүр сонгууль өгүүлэхгүйн тулд үнэмлэх өгсөнгүй гэхчлэн улс төржүүлж маргаан үүсгэж ч мэднэ. Эцэст нь хэрүүл маргаан гарч, дахин долдугаар сарын 1-н шиг үймээн гарах вий гэхээс эмээж байна.

-Гэхдээ энэ бүхнийг АН-ынхан таны хэлсэнчлэн шалтаг, шалтгаан хэмээн үзэж буй. Хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах сонирхолгүйгээсээ болж тайлбар тавиад байна гэж ойлгох юм биш үү?

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг оны өмнөхөн шинэчилж, шинэ дүрмээр энэ сонгуулийг зохион байгуулахаар ажиллаж байна.Харин Орон нутгийн сонгуулийн хуулийг 2008 онд шинэчлэн баталсан. Энэ парламент байгуулагдахаас өмнө хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах заалт орсон юм билээ. Тэгэхээр хоёр сонгуулийн хууль батлагдсан цаг хугацааны хувьд зөрүүтэй. УИХ-ынх нь оны өмнөхөн батлагдсан бол өнөөх нь хэдэн жилийн өмнөх. Өөрөөр хэлбэл, ийм хоёр хуулиар эрх зүйн орчин бүрдлээ гээд шууд бэлтгэл ажилдаа орж, зохион байгуулахад учир дутагдалтай. Тиймдээ ч Үндсэн хуулийн Цэцэд асуудлыг тавьсан биз. Орон нутгийн төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэсэн заалттай. Гэтэл зургадугаар сард сонгуулийг зохион байгуулснаар 3.4 жил болж хугацаа богиносох юм.

Тэгэхээр тэрхүү төлөөлөгчдийн бүрэн эрхийн  хугацаанд шууд халдаж болох уу, үгүй юу гэдэг асуудал.

Түүнээс гадна дээр  хэлсэнчлэн хоёр хууль цаг хугацааны хувьд нэлээн  зөрүүтэй батлагдсан учраас эрх зүйн орчны хувьд хүндрэл учирна. Жишээ нь, УИХ-ын сонгууль 20.00 цагт хаалгаа барихаар  хуульчлагдсан. Харин Орон нутгийн сонгууль 22.00 цагт дуусгавар болно. Цагийн хувьд зөрүүтэй. Нөгөөтэйгүүр, ийм богино хугацаанд олон хуудсаар сонгогчид санал өгч таарах нь. Тэгэхээр санал хураалт хугацаандаа амжих уу, үгүй юү. Орон нутгийн сум, дүүрэг, аймаг, нийслэл гээд шат шатны төлөөллийг бүрдүүлэх  сонгууль учраас олон хун нэр дэвших нь гарцаагүй. Засаг  захиргааныхаа эрхийн төлөө улс төрийн нам бүрээс хун нэрээ дэвшүүлнэ. Урьдчилсан байдлаар 20 гаруй мянган   нэр дэвшигч өрсөлдөж мэдэхээр байна, энэ олон улс төрийн намуудын тогтолцооны үед. Дээр нь бие даагчид  байна.  УИХ-ын сонгууль тойрог, хэсгийн хороо,Орон нутгийнх ч ялгаагүй мөн хэсгийн хороогоор зохион байгуулагддаг. Ингэхээр бүтэц бүрэлдэхүүн, хүн хүч, цаг хугацааны хувьд нэлээн л хүндрэл учрах нь. Бас нэг зүйл нь УИХ-ын сонгууль зургадугаар сарын сүүлийн долоон хоногийн аль нэг ажлын өдөр гээд хуульчилсан. Гэтэл Орон нутгийн сонгуулийн хуулиар аравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн ням гаригт гэсэн заалттай. Энэ мэтчилэн зайлшгүй хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгаа.

-Боловсронгуй болгох цаг хугацаа бий гэж үү?

-Цаг хугацааны хувьд давчуу байгаа нь үнэн. Гэхдээ хэдэн жилийн өмнө батлагдсан хуулийг шинэ хуультай хэрхэн амар хялбар болгож нийцүүлэх үү гэдэг томоохон асуудал. Хаврын чуулган ирэх долоо хоногт эхлэх байх. Чуулган эхлэхээр намын бүлгүүд байр сууриа илэрхийлж, асуудлыг нэг талд нь шийдвэрлэх байх. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох,зохион байгуулахад ямар бэрхшээл байгаа, дараа нь үүсэх нөхцөл байдлаас хэрхэн урьдчилан сэргийлэхээс эхлээд хоёр намын бүлэгт хэлэлцэж, шийдвэрлэх олон зүйл бий. Хуулиа боловсронгуй болгосноор энэ эцэст төгсгөлгүй маргаанд цэг тавигдаж мэдэх юм.

-АН-ынхан хүчин төгөлдөр хуулийн дагуу зохион байгуулах бэлтгэлээ базаах талаар байр сууриа илэрхийлсэн. Улмаар Засгийн газар ч хуулийн хүрээнд ажлаа хийхгүй бол итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх болно гэдгээ АН-ын бүлэг мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын байр суурь нэгэнт тодорхой болсон юм биш үү?

-Гэхдээ зөвшилцлийн ажлын хэсэг хэлэлцээрийн ширээний ард асуудлаа хэлэлцэж, нэг талд нь шийдвэрлэх байх гэж бодож байна. 2008 онд батлагдсан хуулиар бол хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах заалттай. Энэ хууль хучин төгөлдөр мөрдөгдөж байгаа нь үнэн. Хуулийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар, шат шатны байгууллагууд анхааралдаа авах нь зүйтэй. Гэхдээ чухам бэлтгэл ажлын алыг нь хангаад, ямар асуудлыг нь хэрэгжүүлэхгүй байгаа нь харьцангуй ойлголт л байх.

-Гэхдээ Засгийн газар ацан шалаанд орчихоод байгаа юм биш үү. Хоёр сонгуулийг хамтад нь байгуулах шийдэлд хүрээгүй байхад бэлтгэл ажлаа базаах нь хууль зөрчих үү, үгүй юү. Ч.Хүрэлбаатар даргын хэлснээр бол Үндсэн хуультай зөрчилдөх талаар дурьдсан байсан?

-Сонгуулийн хувьд нэг өдөр давхацсан ч бай, зургаа, аравдугаар сардаа явагдсан ч бай сонгууль болох нь тодорхой. Үндсэн хуулийн дагуу сонгуулийг зохион байгуулж, хуулиа хэрэгжүүлэх нь мэдээж. Энэ асуудлыг хариуцсан шат шатны байгууллагууд нь бэлтгэл ажлаа хангах нь зайлшгүй.

-2008 оны долдугаар сарын1-ний өдрийн талаар амтай болгон ярьж эхэллээ. Цагдаагийн экс дарга нар саатуулагдан, шалгагдаж байгаа бол ҮАБЗ-ийн гишүүд гэрчээр дуудагдлаа. Таны хувьд энэхүү үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Байдлыг харахад хуулийг өөр, өөрийнхөө тайлбарладаг байдал ажиглагдаж байна. Уг нь хуулийг ягштал мөрддөг, дээдэлдэг, бух шатандаа хэрэгжүүлдэг улс орон л хөгждөг. Улмаар хуулийн өмнө хун бур эрх тэгш байдаг зарчим хангагддаг. Гэтэл өнөөдрийн байдлаар ард түмэн төөрөгдөлд орлоо. Тал талаасаа албан тушаалтан бур өөр, өөрийнхөө тайлбарлаж, хуульд ямар гарц байгаа нь ч мэдэгдэхгүй, ийм л байдалд ороод байна. Гол нь хууль, хяналтыг нэг мөр болгож, мөрдөж ажиллах ёстой байх.

-Гэхдээ долдугаар сарын 1-н гэх сэдвээр нэгнийгээ сөхрүүлэх гэсэн улс төрийн явуургүй үйл ажиллагаа үргэлжлээд байна уу гэх өнгө аяс ч цухалздаг. Тийм биш гэж үү?

-Ер нь Монгол Улсад шат шатандаа, газар сайгүй хэт улс төржсөн байдал ажиглагдах болсон. Хун ам цөөтэй орон нутагт хүртэл амьдарч, ажиллах аргагүй болтол улс төржих нь бий. Би нэг зүйлийг л ойлгож байна.Энэ нь цөөн хүн амтай, бүтээн байгуулалт их шаардлагатай улс оронд хэт улс төржинө гэдэг дэндүү их хор уршигтай юм. Сүүлийн жилүүдэд энэ байдлаасаа болж, улс орондоо ч, ард түмэндээ хийж гийгүүлсэн ажил гэж алга. Зөвхөн өдөр хоногоор амиа аргацаасан байдалтай. Сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын саналыг авах гэсэндээ бэлэн амлалт өгч, ард түмэнд хэрэгтэй гэхээсээ илүүтэй аргацаасан байдлаар хандаж, үнэн шударга уг хэлэхээсээ илүү таалагдах өнгө аясыг чухалчилдаг болсоор удаж байна. Иймэрхүү байдал гаргах нь улс оронд ч, ард түмэнд ч хэтэрхий их хор уршигтай.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.