Ж.Сүхбаатар: Хэнд, юунд дулдуйдаж Үндсэн хуулийн зарчмыг эвдэх алхмыг зоригтой хийгээд байгаа нь сонин
2012.03.27

Ж.Сүхбаатар: Хэнд, юунд дулдуйдаж Үндсэн хуулийн зарчмыг эвдэх алхмыг зоригтой хийгээд байгаа нь сонин

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдуулан тухайн үеийн цагдаагийн байгууллагын удирдлагуудыг шүүж байна. Энэ үйл явцыг олон талаас нь тайлбарлаж, нийгэмд эргэлзээтэй байдал бий болгочихлоо. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна?

-Энэ бол нэг өнцгөөр хандаад, тайлбарлах боломжгүй ээдрээтэй хэрэг маргаан. Асуудлыг ярихын тулд бодит баримтын талаас анхаарах шаардлагатай. Түүний дараа баримтдаа эрх зүйн үнэлгээ өгөх ёстой юм. Хууль зүйн талаас үнэлгээ өгөхөд харгалзах ёстой зүйлүүд нь юу юм бэ гэхээр долдугаар сарын нэгний явдал зүгээр л нэг хувь хүн, албан байгууллагыг тойрсон маргаан биш юм. Долдугаар сарын нэгэн бол УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа гарсан үйл явдал. Тодорхой улс төрийн хүчин болон нэр дэвшсэн хэсэг бүлэг улстөрч хүмүүс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, эсэргүүцлийн жагсаал санаачлан зохион байгуулсан байдаг. Жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд шилжихэд тэдгээр хүмүүсээс гадна янз бүрийн сонирхолтой хүмүүс татагдан орсон. Ингэж олныг хамарсан эмх замбараагүй байдал даамжраад бусдын өмч хөрөнгөд халдах хүрээ рүү шилжээд, түүнийг нь зохицуулахаар нийгмийн хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн олон зуун албан хаагч орсон юм. Мөн энэ асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн онц байдал зарлах тухай зарлиг гарч, онц байдлын үеийн дэглэмийг тухайн үед тогтоосон. Энэ мэтчилэн ярих юм бол тухайн үед болсон баримт бол сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн зарим нэг нэр дэвшигчдийн эсэргүүцлийн шинжтэй үйл ажиллагаа байснаа эмх замбараагүй байдал руу шилжиж , түүнд нь хүний амь эрсдэх, өмч хөрөнгийг тонон дээрэмдэх боломжийг олгосон. Энэ нь анхнаасаа жагсаал цуглааны дүрэм журмыг хангааагүйтэй холбоотой.Мөн жагсаал цуглаантай холбогдуулж олон зуун хүн саатуулагдсан байдаг. Мөн таван хүний амь эрсэдсэн. Эдгээр хүмүүсийн дөрөв нь буудуулж амь насаа алдсан байна гэдэг нь тогтоогдсон. Энэ бүхэн цар хүрээний хувьд нийслэл Улаанбаатар хотод болсон ч гэлээ УИХ-ын сонгуультай холбогдсон, нийгмийн хэв журмыг зөрчсөн эмх замбараагүй байдалд олон зуун хүн холбогдож саатуулагдсан, бий болсон нөхцөл байдал онц байдал тогтоох хэмжээнд хүрсэн зэргийг хараад үзэх юм бол энэ тодорхой нэг байгууллагыг тойрсон хэрэг маргаан биш байжээ.

-Улс төрийн зорилготойгоор цагдаагийн дарга нарыг шүүж байгаа гэсэн дүгнэлтийг зарим хүмүүс хийж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нэг талаас улс төрийн зорилготой болсон үйл ажиллагаа байна. Нөгөө талаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөтэй холбогдсон. Тэр дундаа маш олон зуун хүн, олон арван байгууллагын эрх ашгийг хөндсөн зүйл болчихож байгаа юм. Ийм зүйлд яаж хууль зүйн үнэлгээ, дүгнэлт өгөх юм бэ гэсэн асуудал үүсч байгаа юм. Жагсаал цуглаанд оролцсон жирийн иргэдээс гадна сонгуульд нэр дэвшсэн тодорхой улс төрчдийг хамруулж шалгаж байсан. Сонгуулийн дараа их эвгүй уур амьсгал Монголын нийгэмд бий болсон. Монголчуудын үндэсний эв нэгдэлд тодорхой хэмжээний сэв суусан байдал үүсээд, хэсэг хугацаанд УИХ-аа эмхлэн байгуулж чадахгүйд хүрсэн юм. 2008 оны наймдугаар сарын 21-нд л УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орсон шүү дээ. Сонгууль болсноос хойшхи бараг хоёр сар орчмын хугацаанд Монголын төрийн байгууллага эмхлэн байгуулагдаж чадахгүй, үндэсний аюулгүй байдалд шууд аюул занал учирсан л даа. Үүнийг шийдэхийн тулд тухайн үеийн УИХ-д Ардчилсан нам болон МАН-аас сонгогдсон байсан гишүүд бид зөвшилцөлд хүрч, түүнийхээ үр дүнд УИХ, Засгийн газраа байгуулсан юм.Энэ үеэр тодорхой шинэчлэлийг хийх тухай асуудал яригдсан байгаа. Хамгийн чухал нь улс төрийн үйл ажиллагаагаа хамтран явуулж ажиллах байдлаар ойлголцсон юм. УИХ-д долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбогдуулан төрийн байгууллагууд бэлэн байдал ямар байсан бэ гэдэг талаас Ажлын хэсэг гаргаад ажиллуулсан. УИХ-ын Ажлын хэсэг үнэлэлт, дүгнэлтээ ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн байгаа. Ийм асуудлууд болсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсон.

-Энэ хооронд юу болсон юм бэ?

-Хэрэг маргаан нэлээн удаан сунжирсны эцэст Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Түүний дараа өршөөлийн тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүмүүсийн хэргийг өршөөлд хамруулсан. Яагаад гэхээр Монгол үндэсний эв нэгдэлд сэв суухуйц, цааш нь гүнзгийрүүлэн авч үзэх юм бол ихээхэн сөрөг үр дагавартай болох юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа. Нөгөө талаас төрийн үйл ажиллагаанд зарим нэг бэлэн биш байдал, дутагдал гарсан. Дээр нь таван хүний амь нас эрсдэхээс хамгаалж чадаагүй гэдэг нөхцөл байдлууд үүссэнийг харгалзан өршөөлийн хууль гаргаж, хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн олговор өгсөн.Тэдгээр хүмүүсийг амь насаа алдах нөхцлөөс хамгаалж чадаагүй гэдгээрээ Монголын төр уучлалт гуйсан байгаа. Би юу хэлэх гээд байна гэхээр долдугаар сарын 1-тэй холбоотой асуудлаар ярих бүрт одоогийн төрийн албан тушаалтнуудаас эхлээд улс төрийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг улстөрчид, хувь хүмүүс холбогдож байдаг. Олон талын хүчин зүйл орсон энэ хэргийн үнэ мөнийг тогтоох гэхээс илүү энэ асуудлаар гүнзгийрүүлэн авч үзэх тусам нийгэмд байгаа зөрчил дэврэх аюул занал байгаа юм. Тиймээс бид хүмүүс амиа алдахад юу нөлөөлсөн, хэн буудсан, төрийн байгууллагуудаас сургамж авч цаашид яаж ажилладаг болох юм бэ гэдэг асуудал руу анхаарлаа хандуулах ёстой. УИХ ч гэсэн Ажлын хэсгээ тэгж ажиллуулаад тодорхой дүгнэлтээ гаргачихсан. Хүн буудсан тухай асуудалд холбогдоод шалгагдаж байсан цагдаагийн албан тушаалтнууд өршөөлийн хуульд хамрагдчихсан байсан.

-Гэтэл өнөөдөр цагдаагийн дарга нарыг салгаж аваад шүүж байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Улсын Ерөнхий Прокурорын газрын дарга солигдож, Ц. Дорлигжав томилогдсон. Тэр цагаас эхлээд энэ асуудалд өөрчлөлт орж, УИХ-ын түвшинд шийдсэн, бодлогын хүрээнд авагдсан арга хэмжээний эсрэг маягаар өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийг эргэж сэргээн шалгаж байна. Тэр дундаа цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг авч үзсэн байгаа. Өнөөдөр цагдаагийн удирдлагуудаас буудах тушаалыг хэн өгсөн бэ гэдэг асуудлыг тодруулна гээд яриад байна. Энэ бол буруу.Баримт харах юм бол УЕП-ын мөрдөн байцаах тасгийн мэдэгдээд байгаа “мөрдөн байцаалтын явцад цагдаа буудсан гэдэг нь хөтөлбөргүй тогтоогдсон. Одоо хэн буудсаныг нь тодруулах ажиллагаа явж байна” гэж байгаа нь логикийн хувьд буруу. Ер нь хэн гэдэг цагдаа буудсан нь тодорхойгүй байхад хөтөлбөргүй тогтоогдоод, хэн гэдэг хүн тушаал өгсөн гэдэг асуудал руу орно гэж байдаггүй л байхгүй юу. Энэ бол цаанаас улс төрийн шинжтэй, хууль зүйн талаасаа нийцэхгүй зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд халдаж байна.

-Үндсэн хуульд халдаж байна гэдгээ тайлбарлахгүй юу?

-Шүүхээр гэм буруутай нь нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд бүү тооц гэсэн алтан зарчим бий. Энэ зарчмыг эвдэж байна. Гэхдээ зөвхөн энэ тохиолдолд биш. Цаашдаа хэнд ч гэсэн шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд “чиний гэм буруу өмнө нь тогтоогдчихсон” гэдэг яллах ажиллагааг прокурорын системийн зүгээс нийгэмд зарлаж болдог, яллах ажиллагаагаа олон нийтээр хэлэлцүүлээд, шүүх хурал руу оруулж ялладаг байдал руу оруулчихаж байна. Энэ чинь өөрөө долдугаар сарын нэгний хэрэг явдлаас дутахгүй нөхцөл байдлыг бий болгоно. Улстөрийн нөхцөл байдлыг улам даамжруулна. Ер нь цагдаа нарыг буруутай гэж үзвэл хоёр янзаар тайлбарлана.

-Яагаад?

-Албаны болон хувийн гэм буруу гэж бий. Тушаал, үүрэг өгөөгүй байхад хууль дүрэм зөрчин хүн буудсан бол энэ нь хувийн буруу. Энэ хариуцлагаа хувиараа үүрэх ёстой. Түүнээс биш төрд нялзахгүй. Харин дүрэм журмыг мөрдөхөд хүндрэлтэй байгаад, гарцаагүй нөхцөлд ажиллаад зөрчил дутагдал гаргасан байх юм бол энэ нь албаны гэм буруу. Тэр тохиолдолд төр анхнаасаа бэлэн байдлыг хангаагүй, хууль тогтоомжийг нарийвчлаагүй байх юм бол тухайн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас гарсан хохирлыг хуваалцан арилгадаг. Энэ мэтчилэн гэм буруугийн тухайд бас нарийн байгаа юм. Саяын тохиолдолд дандаа ахлах офицерууд байгаа биз дээ. Эдгээр хүмүүс өөрсдөө буу бариад явсан байж таарах уу. Буу барьж яваад хүн буудсан нь тогтоогдоогүй байхад тушаал өгөх тухай асуудал яриад байгаа. Прокурорын байгууллагын мэдэгдэл дээр “Цагдаа буудсан нь хөтөлбөргүй тогтоогдсон” гээд байгаа. Тэр цагдаа нь энэ удирдлагын хүмүүс мөн үү. Хувийн гэм буруутай этгээд нь тогтоогдоогүй байхад удирдлагын түвшний хүмүүстэй ярих нь өөрөө зөрчилтэй. Хууль зүйн талаасаа ойлгомжгүй, улс төрийн зорилготой асуудлууд орчихоод байгаа учраас дээрх баримтууд дээр үнэлгээ өгөхөд зөрчилтэй байдал бий болчихоод байна. Энэ байдлыг прокурорын системийнхэн бий болгосон. Үндсэн хуулиараа иргэдэд олгосон хамгаалалтыг прокурорын байгууллага үгүй хийчихээд, үүнийхээ төлөө ямар нэгэн тайлбар хийхгүй байна.

-Тэгвэл прокурорын байгууллага шүүх хурал болохоос өмнө үндсэндээ яллачихаж байгаа юм биш үү?

-Шүүхээр гэм буруутай нь нотлогдох хүртэл хэнийг ч буруутайд үл тооцно гэсэн зарчмыг эвдчихээд сууж байна шүү дээ. Шүүх хуралд орохоосоо өмнө хүн гэм буруутай хэмээн яллуулчихаж байна гэсэн үг. Ялыг нь өгөөд гарга гэсэн хандлага руу орууллаа. Хэргийн бодит баримт, түүн дээр хууль зүйн талаас яаж хандах, улс төрийн үйл ажиллагаа ямар хэмжээнд нөлөөлж байна, тэр дундаа ямар албан тушаалтай хэн гэдэг хүн яах үүрэгтэйгээр оролцож байна гэдгийг авч үзэх ёстой. Болж байгаа үйл явцыг хуульч бус улс төрчийн хүрээнд авч үзэхэд энэ нь нийгмийн өвчнийг сэдрээж, хохирогчдын ар гэрийн сэтгэлзүйн хүнд байдлыг хөндсөн, хэв журам сахиулахаар оролцсон цагдаагийн алба хаагчдын эрх ашигт халдсан, хэрэгт сэжиглэгдэж, шалгагдаж байсан, зарим хэрэг нь үүсчихсэн байсан маш олон хүний асуудлыг эргэж авч үзэхийг шаардсан, бие биенийгээ буруутгах уур амьсгал руу түлхсэн байдал руу орчихож байгаа юм.

-УИХ-ын сонгууль болох дөхсөн үед энэ үйл явдал таарч байгаа нь улстөрийн шинжтэй гэдгийг батлаад байх шиг?

-Нийгмийн бие биедээ итгэхгүй байгаа байдал арай гэж намжиж байхад эргээд сэдрээж байна. Энэ нь үндэсний эв нэгдэлд сэв сууж болох нөхцөл байдлыг дахиад гаргаж байна. Ер нь иймэрхүү хэрэг явдлын үнэн мөнийг тодорхой болгоход нэлээн олон жил шаардагдана. Наад зах нь найман жил. Яагаад гэвэл хэрэг явдлыг буруу зөв гэж яриад байгаа хүмүүс бүгдээрээ энэ асуудалд холбогдоно. Тэгээд аль аль талаасаа олон нийтийн дэмжлэгийг авах гээд үзээд байдаг. Ийм байдалд үнэн орших уу. Шүүх хурал болохоос өмнө гэм буруутай талаар олон нийтэд зарлаад байдаг. Шүүх ч гэсэн шийдвэрээ гаргахад хэцүү болж байна. Ерөнхий прокурор нь “Шүүхийн өмнө буруутай гэдгийг нь бид тогтоочихсон шүү” гээд хэлээд байдаг. Гэтэл шүүх яах болж байна. Буруутай гэдэг нь хөтөлбөргүй тогтоогдсон, одоо та нар яллах үлдлээ гээд байхаар шүүх хүнд байдалд орчихож байгаа юм. Ялангуяа тэр асуудлыг шүүж байгаа шүүгч. Ийм эвгүй байдалд оруулчихаж байгаа нь цаашдаа энэ асуудлыг гаргаж тавиад байгаа хүмүүс рүүгээ хандаж яригдана. Долдугаар сарын нэгний хэрэг бол бусад асуудлуудтай харьцуулшгүй маргаан байгаа юм. Сүүлийн үед үүнд улстөрийн шинж нь хэт давамгайлж эхэллээ. Болж байгаа процесс Үндсэн хуулийн суурь зарчмаасаа хазайсан, сүүлдээ тодорхой улс төрчдийн дэмжлэгээр явагдаад ирэхээр болгоомжлуулж, сануулахгүй бол горьгүй нь.

-Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон бүх хүмүүсийг хууль гаргаад өршөөсөн атлаа өнөөдөр цагдаа дарга нарыг сугалж аваад шүүж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч байхгүй байхад шүүх хуралд оруулж байгаа нь улс төрийн зорилгоор асуудалд хандаж байна гэсэн харыг төрүүлээд байна. Үүнд та юу хэлэх вэ?

-Цагдаагийн удирдлагуудыг тодруулж шалгана гээд цэргийн гэмт хэргээр зүйлчилж байгаа нь гарцаа байхгүй улс төрийн сэжиг таамгийг дэвэргэх, эсвэл бүгдийг сэргээн шалгах шаардлагатай гэсэн хандлага руу оруулж байна. Уг нь бол өршөөлийн хууль гаргаж, уучлал гуйж байгаа нь асуудлыг дэврээх зарим хүмүүсийг давраахгүй байхын тулд хийсэн бодлогын арга хэмжээ. Гэтэл эргээд асуудлыг тавихаар хонзогнолын шинжтэй уур амьсгал бий болгох замаар асуудлыг шийдэж байна. Яллах ажиллагаа шүүх дээр биш олон нийтийн дунд явчихлаа. Хамгийн аюултай нь шүүх тогтоогоогүй байхад прокурор бид ажлаа хийгээд дуусчихсан, гэм буруутай нь тогтоогдчихсон гэж хэлдэг нь буруу. Гэхдээ хэн гэдэг хүн буудсан нь тодорхойгүй, одоо тогтоох гэж байна гээд байдаг. Тэр нь тэгээд шүүхийн шатанд тогтоогдох юм уу. Цагдаа буудсаныг тогтоодог нь прокурор, хэн буудсаныг нь шүүх тогтоох өгөх болж байна уу. Энэ мэт сонин асуудлууд гарч ирнэ. Ер нь бол олон зүйлийг эргэж асуулт болгон гаргаж ирээд байна. 2008 оны хачин байдал руугаа буцаад орцгоох нь л дээ. Ингээд хэлэхээр зарим хүмүүс намайг шүүмжлэх байх. Иймэрхүү эмгэнэлт хэргүүд бусад оронд ч гэсэн шүүхийн шатанд тогтоогддоггүй юм. Цаг хугацаа орно. Прокурор, шүүхийн шийдвэрээр хүчээр тогтоолоо гэхэд арав, хорин жилийн дараа дахиад л яригддаг байхгүй юу. Яримаар байгаа бол ярьсан шиг ярих хэрэгтэй. Гэхдээ нарийн ярьж шийднэ гэвэл цаг хугацаа орно.Одоо явагдаж байгаа процесс хангалттай байж чадахгүй. 2008 онд болсон С.Зориг агсны хэрэг маш тодорхой шахуу зүйл дээр байгаад илрээгүй л байна. Гэтэл долдугаар сарын 1-ний хэрэгт оролцогч нь олон зуугаар хэмжигдэнэ. Зарим процессууд нь олон мянган хүн байх үед болж өнгөрсөн. Ийм юманд хэд гурван цагдаагийн удирдлагын гэм бурууг тогтоочихоод асуудлыг хаана гэж байгаа бол худлаа.

-Одоо болж байгаа процессоор дамжаад шүүхийн шийдвэр гарчихвал та хүлээн зөвшөөрөх үү?

-Би шүүхийг буруутгамааргүй байна. Ер нь шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах ёстой. Гэхдээ наана нь болж байгаа процесс шүүхийн хэвийн ажиллагааг хангахгүй байна. мөрдөн байцаах алба нь бидний хийх ажил дуусчихсан гээд байгаа мөртлөө хэн буудсаныг тогтоогоогүй байна. Ийм байхад шүүх хурал болох шаардлагатай юм уу. Анхнаас нь улс төрийн аргаар хандчихаар асуудал өөрөө явж байгаад мухардалд орчихож байна.Мухардчихаар ичсэн хүн хүн ална гэдэг шиг зүтгээд байхаар Үндсэн хуулийн зарчмаа эвдчихэж байна. Цаашдаа аль ч прокурор, мөрдөн байцаагч шүүх хурал болохоос өмнө “тогтоогдчихсон юм аа” гэдэг болох нь байна. Уг нь ийм л байдал гарахвий гэдгээс болгоомжилж Үндсэн хуульд хийж өгсөн зарчим. Гэтэл энэ аргаар явах юм бол шүүх хуралд оруулахгүйгээр ялладаг байсан хуучин цагийн хэв маяг сэргэх нь гэсэн айдас төрж байна. Дараагийн ээлжийн хүмүүсээ ч гэсэн ингэж яллах нь. Ямар цаг үед бид амьдарч байна вэ гэдгийг харуулж байна. Нэг нөхөр “хөтөлбөргүй тогтоосон” гэж хэлээд л шүүхэд ор, ял өг, ач, шоронд хий ... Ямар давилуун, даварсан байдлаар хандаж байна вэ. Ийм зүйл яриад байгаа хүмүүс өөрсдөө түүнийхээ горыг эргэж амсдаг байхгүй юу. Зарчмыг эвдчихээд энэ байдлаараа өөрөө хэдэн жил даварч, томорч болно. Гэхдээ түүнийхээ горыг тийм хүмүүс заавал амсдаг. Давж болохгүй хилийн дээсийг давсныхаа төлөө. Хүнийг буруутгая гэвэл хэн ч гэсэн буруутгаад л байна. Гэхдээ энэ нь өөрсдийнх нь хэлж байгаагаар хөтөлбөргүй баримтаар шүүх дээр тогтоогдож байж шүү дээ. Гэтэл хагас дутуу тогтоогдсон баримтаар шүүх хуралд оруулж байгаа нь буруу юм. Улстөрийн талцал хэтэрхий давамгайлаад байгаа юм биш үү гэж хэлмээр байна.

-Энэ хэргээс болж цагдаа болон прокурорын байгууллагын хооронд зөрчилдөөн үүссэн мэт дүр зураг харагдаад байна. Магадгүй энэ нь нийгэмд айдас төрүүлж болох юм?

-Прокурорын зүгээс хийж байгаа мэдэгдэл, цагдаагийн өндөр тушаалын офицеруудын асуудал яригдаж байгаа учраас цагдаа, прокурорын асуудал мэт харагдана л даа. Харин надад тэр тал нь чухал биш. Яригдаж байгаа асуудал, холбогдож байгаа хүмүүс, хэргийн мөн чанарыг аваад үзэх юм бол тун няхуур байж яллах ажиллагааг явуулахгүй бол эргээд нийгмийн харилцаанд сэв суулгах гээд байна. Хэргийн нарийн ширийн зүйл рүү орж ярих эрх надад байхгүй. Гэхдээ дүр зургийг харахад миний дээр хэлсэн анхаармаар, шүүмжилмээр зүйлүүд байгаа юм. Энэ бүхэн чинь хэргийг манантуулаад байна. Нэг талаас хүчилж яллах гээд, нөгөө талаас улс төржүүлж пижигнүүлэх гээд байгаа юм шиг янз янзын өнгө будаг, дүр зураг харагдаад байгаа юм. Тийм болохоор явуулж байгаа үйл ажиллагаандаа хууль зүйн талаас нь зөв болгох хэрэгтэй. Түүнээс биш гэм буруутай эсэхийг би тогтоодог хүн биш учраас хэлж мэдэхгүй. Гэм буруу нь албаны болон хувийн талаас ямар байгаад байгаа, түүнд нь ямар шийтгэл ногдуулах нь тэд нарын л асуудал. Гэхдээ миний дээр хэлсэнчлэн зарчмаа эвдсэн, хүрээнээсээ хальж гарсан, хуулиасаа давж гишгэсэн, зохион байгуулалтад орсон шинж энд байна. Би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй ханддаг. Шүүх хэвийн ажиллах бололцоог нь хангаж өгөх ёстой юм. Гэхдээ шүүхийн өмнөх шатанд гэм бурууг нь тогтоочихсон гэсэн мэдэгдэл хийж байгаа хүмүүст хариуцлага тооцох асуудлыг шүүх ярьж болно. “Хөтөлбөргүй тогтоочихсон” гэсэн мэдэгдэл хийгээд байгаа хүмүүст хууль хяналтын байгууллага дүгнэлт хийж, хариуцлага тооцуулах ач холбогдолтой байж магадгүй. Тэгж байж шүүх өөрөө хэвийн ажиллах боломж бүрдэнэ. Ер нь энэ асуудалд төрийн бодлогын талаасаа хандаад маш няхуур байх хэрэгтэй. Гэтэл эдгээр хүмүүс тэр төрийн бодлогыг сөрж байна л даа. Хэнд, юунд дулдуйдаж Үндсэн хуулийн зарчмыг хүртэл зоригтойгоор эвдсэн алхам хийгээд байгаа нь гайхалтай юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.