Ж.Сүхбаатар: Хонзогнолын шинжтэй уур амьсгал бий болгох замаар асуудлыг шийдэж байна
-Хаврын чуулган эхлэнгүүт Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийнхөө хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд, намын бүлгүүдийн зөрчлийг арилгаад хоёр сонгуулиа зэрэг хийчихэж болох нь тийм үү?
-Хоёр сонгуулийг хамт явуулдаг улс орон бол бий л дээ. Гэхдээ нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэдгээр орнуудын парламентын төлөөлөгчид нь олон, сонгуулиа дан пропорциональ системээр явуулдаг. Тиймээс ямар нэг зөрчил гардаггүй. Мөн эдгээр оронд сонгуулийн нэг хороо байгуулаад, нэг байранд саналыг нь авдаг. Харин манай одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар сонгуулийн хорооны байр нь тус тусдаа. Хэрвээ энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулахаар шийдлээ гэж бодъё. Тэгвэл сонгууль явуулах хугацааг сунгах шаардлагатай болно. Сонгуулийн сурталчилгааны хугацаа мөн сунгагдана. Өнөөдрийн байдлаар хоёр намын бүлэг сонгуулийг хамтад нь явуулах асуудалд ойлголцолд хүрч чадаагүй байна. УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг салгаж явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоо байгаа хуулиар сонгуулийг явуулна гэхэд төвөгтэй байна шүү дээ.
-Цахим үнэмлэх хэвлэх ажил ямар шатанд яваа бол. Байнгын хорооны зүгээс мэдээлэл авч байгаа юу, холбогдох газруудаас мэдээлэл авч байгаа юу?
-Цахим үнэмлэх олгох бэлтгэл ажил явагдаж байна. Хуулийн биелэлтийг хангаж ажиллана. Цахим үнэмлэхийг хугацаанд нь олгож дуусгана гэж байгаа. Сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн үед энэ ажил зэрэг явагдана. Ямартай ч сонгуулийн санал хураах өдөр гэхэд иргэдийн цахим үнэмлэх эзэддээ очсон байна гэсэн. Цахим үнэмлэхжүүлэх ажлын явцыг тухай бүрт өгч байна.
-Чуулганы завсарлагааны хугацаанд байнгын хороо ямар асуудалд илүү анхаарал хандуулж ажиллаж байгаа вэ?
-Бид УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилд анхаарлаа хандуулж байна. УИХ-ын дарга Сонгуулийн ерөнхий хорооны Удирдах зөвлөлтэй уулзаж тодорхой чиглэл, үүрэг өгсөн. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй дотоод хэргийн сайдаас сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл авсан. Бид ойрын хугацаанд бэлтгэл ажлыг хангуулах тал дээр анхаарлаа хандуулж ажиллана. Орон нутгийн хурлын сонгуулийн ажлыг хараахан бэлтгэж чадаагүй. Цаг хугацааны хүчин зүйл байгаа учраас зохицуулалт хийнэ. Э.Бат-Үүл нарын гишүүн Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулбал зөрчилтэй байгаа асуудалд нь өөрчлөлт оруулаад болно гэж байгаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд Орон нутгийн сонгуулийг явуулах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын ням гаригт гэж заасан бол УИХ-ын сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн сүүлийн хагасын долоо хоногийн ажлын өдөр гэж заасан. Тэгэхээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд зохицуулалт хийхгүй бол хууль зөрчих юм л даа.
-Үүнээс гадна Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдуулан тухайн үеийн цагдаагийн байгууллагын удирдлагуудыг шүүж байна. Энэ үйл явцыг олон талаас нь тайлбарлаж, нийгэмд эргэлзээтэй байдал бий болгочихлоо. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна?
-Энэ бол нэг өнцгөөр хандаад, тайлбарлах боломжгүй ээдрээтэй хэрэг маргаан. Асуудлыг ярихын тулд бодит баримтын талаас анхаарах шаардлагатай.Түүний дараа баримтдаа эрх зүйн үнэлгээ өгөх ёстой юм. Хууль зүйн талаас үнэлгээ өгөхөд харгалзах ёстой зүйлүүд нь юу юм бэ гэхээр долдугаар сарын нэгний явдал зүгээр л нэг хувь хүн, албан байгууллагыг тойрсон маргаан биш юм.
Долдугаар сарын нэгэн бол УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа гарсан үйл явдал.
Тодорхой улс төрийн хүчин болон нэр дэвшсэн хэсэг бүлэг улстөрч хүмүүс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, эсэргүүцлийн жагсаал санаачлан зохион байгуулсан байдаг. Жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд шилжихэд тэдгээр хүмүүсээс гадна янз бүрийн сонирхолтой хүмүүс татагдан орсон. Ингэж олныг хамарсан эмх замбараагүй байдал даамжраад бусдын өмч хөрөнгөд халдах хүрээ рүү шилжээд, түүнийг нь зохицуулахаар нийгмийн хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн олон зуун албан хаагч орсон юм. Мөн энэ асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн онц байдал зарлах тухай зарлиг гарч, онц байдлын үеийн дэглэмийг тухайн үед тогтоосон. Энэ мэтчилэн ярих юм бол тухайн үед болсон баримт бол сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн зарим нэг нэр дэвшигчдийн эсэргүүцлийн шинжтэй үйл ажиллагаа байснаа эмх замбараагүй байдал руу шилжиж, түүнд нь хүний амь эрсдэх, өмч хөрөнгийг тонон дээрэмдэх боломжийг олгосон. Энэ нь анхнаасаа жагсаал цуглааны дүрэм журмыг хангаагүйтэй холбоотой. Мөн жагсаал цуглаантай холбогдуулж олон зуун хүн саатуулагдсан байдаг. Мөн таван хүний амь эрсэдсэн. Эдгээр хүмүүсийн дөрөв нь буудуулж амь насаа алдсан байна гэдэг нь тогтоогдсон. Энэ бүхэн цар хүрээний хувьд нийслэл Улаанбаатар хотод болсон ч гэлээ УИХ-ын сонгуультай холбогдсон, нийгмийн хэв журмыг зөрчсөн эмх замбараагүй байдалд олон зуун хүн холбогдож саатуулагдсан, бий болсон нөхцөл байдал онц байдал тогтоох хэмжээнд хүрсэн зэргийг хараад үзэх юм бол энэ тодорхой нэг байгууллагыг тойрсон хэрэг маргаан биш байжээ.
-Улс төрийн зорилготой хэмээн хардах маш олон шалтгаан байна. Та үүнийг хэрхэн дүгнэх вэ?
-Нэг талаас улс төрийн зорилготой болсон үйл ажиллагаа байна. Нөгөө талаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөтэй холбогдсон. Тэр дундаа маш олон зуун хүн, олон арван байгууллагын эрх ашгийг хөндсөн зүйл болчихож байгаа юм. Ийм зүйлд яаж хууль зүйн үнэлгээ, дүгнэлт өгөх юм бэ гэсэн асуудал үүсч байгаа юм. Жагсаал цуглаанд оролцсон жирийн иргэдээс гадна сонгуульд нэр дэвшсэн тодорхой улс төрчдийг хамруулж шалгаж байсан. Сонгуулийн дараа их эвгүй уур амьсгал Монголын нийгэмд бий болсон. Монголчуудын үндэсний эв нэгдэлд тодорхой хэмжээний сэв суусан байдал үүсээд, хэсэг хугацаанд УИХ-аа эмхлэн байгуулж чадахгүйд хүрсэн юм.
-Гэтэл өнөөдөр цагдаагийн дарга нарыг салгаж аваад шүүж байна шүү дээ?
-Монгол УлсынЕрөнхийлөгчийн сонгуулийн дараа Улсын Ерөнхий Прокурорын газрын дарга солигдож, Ц. Дорлигжав томилогдсон.Тэр цагаас эхлээд энэ асуудалд өөрчлөлт орж, УИХ-ын төвшинд шийдсэн, бодлогын хүрээнд авагдсан арга хэмжээний эсрэг маягаар өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийг эргэж сэргээн шалгаж байна. Тэр дундаа цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг авч үзсэн байгаа. Өнөөдөр цагдаагийн удирдлагуудаас буудах тушаалыг хэн өгсөн бэ гэдэг асуудлыг тодруулна гээд яриад байна. Энэ бол буруу. Баримт харах юм бол УЕП-ын мөрдөн байцаах тасгийн мэдэгдээд байгаа“мөрдөн байцаалтын явцад цагдаа буудсан гэдэг нь хөтөлбөргүй тогтоогдсон. Одоо хэн буудсаныг нь тодруулах ажиллагаа явж байна” гэж байгаа нь логикийн хувьд буруу. Ер нь хэн гэдэг цагдаа буудсан нь тодорхойгүй байхад хөтөлбөргүй тогтоогдоод, хэн гэдэг хүн тушаал өгсөн гэдэг асуудал руу орно гэж байдаггүй л байхгүй юу. Энэ бол цаанаас улс төрийн шинжтэй,хууль зүйн талаасаа нийцэхгүй зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд халдаж байна.
-Үндсэн хуульд халдаж байна гэдгээ тайлбарлахгүй юу?
-Шүүхээр гэм буруутай нь нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд бүү тооц гэсэн алтан зарчим бий. Энэ зарчмыг эвдэж байна. Гэхдээ зөвхөн энэ тохиолдолд биш. Цаашдаа хэнд ч гэсэн шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд “чиний гэм буруу өмнө нь тогтоогдчихсон” гэдэг яллах ажиллагааг прокурорын системийн зүгээс нийгэмд зарлаж болдог, яллах ажиллагаагаа олон нийтээр хэлэлцүүлээд, шүүх хурал руу оруулж ялладаг байдал руу оруулчихаж байна. Энэ чинь өөрөө долдугаар сарын нэгний хэрэг явдлаас дутахгүй нөхцөл байдлыг бий болгоно. Улстөрийн нөхцөл байдлыг улам даамжруулна. Ер нь цагдаа нарыг буруутай гэж үзвэл хоёр янзаар тайлбарлана.
-Тэгвэл прокурорын байгууллага шүүх хурал болохоос өмнө үндсэндээ яллачихаж байгаа юм биш үү?
-Шүүхээр гэм буруутай нь нотлогдох хүртэл хэнийг ч буруутайд үл тооцно гэсэн зарчмыг эвдчихээд сууж байна шүү дээ. Шүүх хуралд орохоосоо өмнө хүн гэм буруутай хэмээн яллуулчихаж байна гэсэн үг. Ялыг нь өгөөд гарга гэсэн хандлага руу орууллаа. Хэргийн бодит баримт, түүн дээр хууль зүйн талаас яаж хандах, улс төрийн үйл ажиллагаа ямар хэмжээнд нөлөөлж байна, тэр дундаа ямар албан тушаалтай хэн гэдэг хүн яах үүрэгтэйгээр оролцож байна гэдгийг авч үзэх ёстой. Болж байгаа үйл явцыг хуульч бус улс төрчийн хүрээнд авч үзэхэд энэ нь нийгмийн өвчнийг сэдрээж, хохирогчдын ар гэрийн сэтгэлзүйн хүнд байдлыг хөндсөн, хэв журам сахиулахаар оролцсон цагдаагийн алба хаагчдын эрх ашигт халдсан, хэрэгт сэжиглэгдэж, шалгагдаж байсан, зарим хэрэг нь үүсчихсэн байсан маш олон хүний асуудлыг эргэж авч үзэхийг шаардсан, бие биенийгээ буруутгах уур амьсгал руу түлхсэн байдал руу орчихож байгаа юм.
-Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон бүх хүмүүсийг хууль гаргаад өршөөсөн атлаа өнөөдөр цагдаа дарга нарыг сугалж аваад шүүж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч байхгүй байхад шүүх хуралд оруулж байгаа нь улс төрийн зорилгоор асуудалд хандаж байна гэсэн харыг төрүүлээд байна. Үүнд та юу хэлэх вэ?
-Цагдаагийн удирдлагуудыг тодруулж шалгана гээд цэргийн гэмт хэргээр зүйлчилж байгаа нь гарцаа байхгүй улс төрийн сэжиг таамгийг дэвэргэх, эсвэл бүгдийг сэргээн шалгах шаардлагатай гэсэн хандлага руу оруулж байна. Уг нь бол өршөөлийн хууль гаргаж, уучлал гуйж байгаа нь асуудлыг дэврээх зарим хүмүүсийг давраахгүй байхын тулд хийсэн бодлогын арга хэмжээ. Гэтэл эргээд асуудлыг тавихаар хонзогнолын шинжтэй уур амьсгал бий болгох замаар асуудлыг шийдэж байна. Яллах ажиллагаа шүүх дээр биш олон нийтийн дунд явчихлаа. Хамгийн аюултай нь шүүх тогтоогоогүй байхад прокурор бид ажлаа хийгээд дуусчихсан, гэм буруутай нь тогтоогдчихсон гэж хэлдэг нь буруу. Гэхдээ хэн гэдэг хүн буудсан нь тодорхойгүй, одоо тогтоох гэж байна гээд байдаг. Тэр нь тэгээд шүүхийн шатанд тогтоогдох юм уу. Цагдаа буудсаныг тогтоодог нь прокурор, хэн буудсаныг нь шүүх тогтоох өгөх болж байна уу. Энэ мэт сонин асуудлууд гарч ирнэ. Ер нь бол олон зүйлийг эргэж асуулт болгон гаргаж ирээд байна. 2008 оны хачин байдал руугаа буцаад орцгоох нь л дээ. Ингээд хэлэхээр зарим хүмүүс намайг шүүмжлэх байх. Иймэрхүү эмгэнэлт хэргүүд бусад оронд ч гэсэн шүүхийн шатанд тогтоогддоггүй юм. Цаг хугацаа орно.Прокурор, шүүхийн шийдвэрээр хүчээр тогтоолоо гэхэд арав, хорин жилийн дараа дахиад л яригддаг байхгүй юу. Яримаар байгаа бол ярьсан шиг ярих хэрэгтэй. Гэхдээ нарийн ярьж шийднэ гэвэл цаг хугацаа орно. Одоо явагдаж байгаа процесс хангалттай байж чадахгүй. 2008 онд болсон С.Зориг агсны хэрэг маш тодорхой шахуу зүйл дээр байгаад илрээгүй л байна. Гэтэл долдугаар сарын 1-ний хэрэгт оролцогч нь олон зуугаар хэмжигдэнэ. Зарим процессууд нь олон мянган хүн байх үед болж өнгөрсөн. Ийм юманд хэд гурван цагдаагийн удирдлагын гэм бурууг тогтоочихоод асуудлыг хаана гэж байгаа бол худлаа.