С.Эрдэнэ:МАН-ынхан илүү буруутай учраас эмзэглэдэг байх
2011.12.13

С.Эрдэнэ:МАН-ынхан илүү буруутай учраас эмзэглэдэг байх

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Долдугаар сарын1-ний үймээнд буруутан олдоогүй байгаа ч Ерөнхийлөгчөөр уучлалт гуйлгах УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцсэн. Гэхдээ энэ асуудалд гишүүд нэлээд санал зөрж байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?

-2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас болж таван хүн амь насаа алдсан, олон хүн хохирсон, гэмтсэн бэртсэн, айдас хүйдэст автсан гээд нийгэм тэр чигээрээ цочролд орсон. Мэдээж 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд хэн буруутайг шүүх тогтооно.Гэхдээ Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй" гэж заачихсан хэн нэгэн буруутныг хайхаасаа илүү иргэдээ амьд байлгах, аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй гэдэг утгаараа тухайн үед хүмүүсийн амь насыг хамгаалж чадаагүй төр уучлалт гуйх ёстой.

-Ерөнхийлөгчөөр уучлалт гуйлгахыг нэлээд олон гишүүн эсэргүүцэж байсан. Тэд чухам яагаад эсэргүүцээд байгаа юм бол?

-Эсэргүүцэж байгаа гишүүд улс төржсөн байдлаар хандаж байна лээ. Аль нам нь буруутай юм бэ гэх мэтээр янз бүрээр ярьж байгаа. Би бол хэн нэгнийг буруутгахаас илүү хуулиар олгогдсон үүргээ биелүүлж чадаагүй төр буруутай л гэж харж байна. УИХ-ын уучлалт гуйх тогтоолын төслийг батлаад гаргах юм бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч уучлалт гуйх юм.

-УИХ Ерөнхийлөгчид юу хийхийг нь заахгүй, хууль зөрчиж байна гэж зарим гишүүн тайлбарлаад байгаа?

-Ерөнхийлөгчид зааж байгаа юм биш, Монгол төр үүргээ биелүүлж чадаагүй гэдэг утгаар УИХ-ын тогтоолыг үндэслээд Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд зохимжтой

гэж үзэж байгаа.

-Өмнө нь энэ талаар Ерөнхийлөгчтэй ярьсан гэсэн. Тэр зөвшөөрсөн юм уу?

-Энэ талаар ажлын хэсэг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн. Ерөнхийлөгч болохгүй юм үгүй гэж хэлсэн. Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүйгээр шууд тулгасан зүйл байхгүй.

-Байнгын хорооны хурлын үеэр эсэргүүцсэн гишүүдийн олонх нь Ардын намынх байх шиг байсан...?

-Ардын намынхан хэт улстөржиж байгаа юм шиг санагдаж байна. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд Ардын намынхан голлох буруутай үйл ажиллагааг зохион байгуулсан учраас эмзэглэдэг юм болов уу.

-Энэ асуудлыг сонгуулийн өмнө хэлэлцэж байгаа нь дараагийн сонгуулиар ийм үймээн гарахгүй байх нэг урьдчилсан арга хэмжээ гэж ойлгож болох уу?

-Хэрэв алдаа гаргасан бол Монголын төр уучлалт гуйж чаддаг л байх ёстой. Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш Коминтернийн заавраар ард түмнээ- талцуулдаг, ялгадаг, шүүж байцаадаг, хэлмэгдүүлдэг байсан. 1937-1940-өөд онд 20-30 мянгаар нь хоморголон хэлмэгдүүлж байсан. Тэр' хэлмэгдүүлэлтийнхээ төлөө тухайн үеийн МАХН, өдгөөгийн МАН одоо болтол уучлалт гуйгаагүй. Гэтэл 2008 онд дахиад хэлмэгдүүлэлт эхэлсэн. Тиймээс тогтоолыг санаачлан гаргаж байгаа гишүүдийн хувьд төр дахиад алдаа гаргахгүй гэх баталгаа энэ байж ч болно. Зарим хүний улс төржүүлээд байгаа шиг хэн нэгэн хувь хүнийг, аль нэг намыг буруутгасан нэг ч үг өгүүлбэр тэр тогтоолын төсөлд байхгүй.

-Нөгөө талаар Ерөнхийлөгч уучлалт гуйснаар асуудал шийдэгдэхгүй. Гурван жил гаруйн өмнө болсон энэ үймээний буруутан одоо болтол олдоогүй, хариуцлага хүлээх эзэн байхгүй л байна?

- Мэдээж уучлалт гуйгаад дуусахгүй. Хамгийн гол нь Монголын төр иргэдээ хамгаалж чадаагүй, хуулиар олгогдсон үүргээ биелүүлж чадаагүйнхээ төлөө уучлалт гуйх гээд байгаа юм. Ямар ч шалтгаангүйгээр тавын таван хүний амь нас хохирч, 50-60 хүн гэмтэж бэртэж өчнөөн олон хүн хоморголон баривчилчхаад яагаад уучлалт гуйж болдоггүй юм бэ. Энэ бол Монгол төрийн асар том алдаа.

-Тогтоолын төслийг хэзээ УИХ-аар хэлэлцүүлэх вэ?

-Байнгын хорооны ирц хүрээгүй учраас санал хураалт хүчингүй болсон. Энэ тогтоолын төслийг дахиад байнгын хороогоор оруулж, Их хурлаар хэлэлцүүлнэ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.