Г.Баярсайхан: Монголын төр биш цагдаагийн хурандаа нар сульдаатай байна
2012.03.23

Г.Баярсайхан: Монголын төр биш цагдаагийн хурандаа нар сульдаатай байна

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ёс зүйн дэд хороондУИХ-ынгишүүнХ.Тэмүүжин МАН-ыг алуурчин нам гэсэн асуудлаар гомдол ирсэн талаар сэтгүүлчийн асуултад та "Ард иргэд рүү буу шагайгаагүй, алуурчин биш гэдгээ нотолчих. Түүний дараа асуудлыг ярьж болно" гэсэн байсан. Өнөөдөр буудсан, буудаагүй гэх асуудал цагдаагийн хурандаа нарын хүрээнд шүүхийн танхимд яригдаж байна. Энэ талаар ямар байр, суурьтай байна?

- Долдугаар сарын 1-ний асуудал олон түмний нүдэн дээр болж өнгөрсөн учраас юу болсныг бүгд мэдэж байгаа. Нэг ёсны ард иргэдийн бослого байсан. Шударга бус сонгууль, луйвар булхайн эсрэг иргэд жагсаж, эцэст нь таван хүний амь эрсэдсэн. Тухайн үед МАН олонх байж, шийдвэр гаргасан. Өнөө хүртэл энэ асуудлыг шийдэж чадаагүй байгаа нь харин учир дутагдалтай явж ирсэн.

- Иргэдийг өдөөн турхирсан. Тухайлбал, АН-ынхан, Ц.Элбэгдорж турхирсан гэж зарим хүн хэлдэг шүү дээ. Энэ талаар юу хэлэх вэ?

-Би өөр бодолтой байдаг. Үүнийг иргэд ч өөрсдөө мэдэж байгаа. Шударга бус сонгуулийн үр дүнгээр ард түмэн босч байхад хэнийг нь турхирсан гэх гээд байгаа юм бэ. Хэрэв турхирсан хүн байгаа бол сонгууль луйвардсан луйварчид л өөрсдийгөө өмгөөлөхийн тулд иргэдийн жагсаалыг жагсаал биш болгож нөгөө тийш мушгисан байх. Одоо бол энд зарчим л ярьж байгаа.Буруутныг хайж, хэн нэгнийг яллахын төлөө явж байгаа юм биш, Монгол хүний амь нас үнэ цэнэтэй гэсэн зарчим ярьж байгаа учраас Монголын төр буруутныг олох байх гэж найдаж байна. Ер нь тийм ч учраас шүүх ял оноосон болов уу. Түүнийг нь хүчний байгууллагынхан биелүүлэхгүй байгаагаас маш эвгүй зүйл ажиглагдсан.

-Тэр нь юу билээ?

-Хурандаа нар хувьдаа бүлэглэл бий болгосон юм уу, яагаад өөрийн ажлын байранд үүргээ гүйцэтгээд байж байх ёстой цагдаа нар олноороо ирээд эмнэлгийн байшин тойроод зогсч байдаг юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Өнөөдөр хагалгаа хийж байгаа эмч хүн хэзээ ч өвчтөнөө хаяад явдаггүй. Хэрэв тэгвэл, эмчийн ёс зүй, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсохоор өргөсөн тангаргаасаа няцсан  хэрэг болно. Дархан
хилийн манаанд зогсч байгаа хилчин харуулынхаа байрыг хаяад гардаггүй. Хэрэв тэгвэл мөн тангаргаасаа няцсанд тооцогдоно. Би түрүүн хэлсэн. Долдугаар сарын 1-ний асуудлыг цагдаагийн нийт албан хаагчдад хамруулах гээд байгаа юм биш. Энэ бол зөвхөн хүчний байгууллагын тухайн үеийн удирдлагатай холбоотой асуудал. Лонх тавьж байгаад буудаж байгаатай ижил иргэдээ буудчихсан. Монголын төр иргэнээ буудаж хэзээ ч болохгүй. Долдугаар сарын 1-нд улстөрчид ямар шийдвэр гаргаж байсан бэ гэдгийг шалгах ёстой. Тэд бас буруутай шүү дээ.

-Өнөөдөр Монголын төр сульдаатай учраас үнэн учрыг олж чадахаа байлаа гэсэн шүүмжлэл өрнөж байна?

-Би тийм биш гэж бодож байна. Монголын төр сульдсан юм биш харин цагдаагийн генералууд, хурандаа нар өөрсдөө сульдсан байна лээ.

-Шүүх хурлын үйл явц ээдрээтэй болчихлоо. Үүнийг юу гэж үзэж байна?

-Шуудхан хэлчихье. Энэ бол шударга шүүхэд дарамт үзүүлж, нөлөөлөх гэсэн оролдлого. Цагдаагийн хурандаа, генерал, төрийн албан хаагч хэн ч байсан шүүхийн өмнө ижил тэгш байж шийдвэрийг биелүүлэх ёстой. Хувь хүний хувьд ийм асуудал яригдах хүнд байгааг би ойлгож байна. Гэтэл бид ардчилсан нийгэмд амьдарч байж, тавын таван иргэнээ буудуулж алууллаа шүү дээ. Монголчууд цөөхүүлээ. Бидэнд нэг хүний ч амь үнэтэй.Тиймээс энэ алдаа, завхралаа засаад явах ёстой. Дахин Монголын төр иргэн рүүгээ буу шагайхгүй болтол нь шударгаар шүүж хариуцлага тооцох ёстой.

-Сонгууль хүртэл богино хугацаанд энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэх болов уу?

-Сонгуулийн өмнө эсвэл хойно шийдээсэй гэж бодохгүй байна. Олон монгол хүн таван хүний амь эрсэдсэнд харамсч байгаа. Жирийн иргэд энэ асуудлыг түргэн шийдэгдээсэй, шударга шүүхийн шийдвэр гараасай гэж хүсч байгаа шүү дээ.

-Өршөөлийн тухай хуулийг санаачлагч нь та. Долдугаар сарын 1-ний асуудлаар олон залуус Өршөөлийн хуульд хамрагдсан. Цагдаагийн хурандаа нарт энэ хууль хэрэгжих боловуу?

-Тухайн үед 1000 гаруй залууг хорьсон. Авторитар дэглэмд л тэгдэг байх. Сири, Египетэд олон мянгаар нь хорьж, буудаж алж байгаа биз дээ. Тэгвэл өнөөдөр Египтэд буу шагайсан, буудсан хүмүүстээ шударга ёсны хариуцлага тооцож байна. Тухайн үед олон мянган залуу хүн үзэл,6одлоо илэрхийлснийхээ төлөө шоронд хоригдож болохгүй гэж үзсэний үндсэнд Өршөөлийн тухай хууль санаачилж байсан. Хилсээр хоригдсон залуус ардчилсан Ерөнхийлөгчийн ачаар эрх чөлөөтэй болсон. Өнөөдөр хүний амь ярьж байгаа учраас наадах чинь өөр асуудал шүү дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.