Х.Баттулга: Би “Монголын төмөр зам” компанийн хийсэн өмчлөлийн нууцлалтай гэрээнд танилцсан гэж гарын үсэг зурсан
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг төмөр замын “Нууц” гэрээ байгуулсан, “Төмөр замын ТЭЗҮ-г “Маккейнзи” гэдэг компаниар хийлгээд хуулийн зөвлөгөө өгсөн нэрээр 2.5 сая ам.долларыг Х.Баттулгын хүн авах гэж байна”, “Шинэ яармаг” хорооллыг эхлээд 6500 орон сууцтай барина гэж байсан, тэгж байснаа Хөгжлийн банкинд очоод баталгаа гаргуулах болтол 3995 болж буурсан” гэх зэрэг баримт дэлгэж нэг хэсэг сенсааци тарьсан. Мэдээллийн дараа ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж нарын хэсэг хүмүүс хэвлэлийн хурал зарлаж, тийм гэрээ манай яаманд байхгүй, бид мэдэхгүй, гэхдээ Хууль зүйн яаманд байсан байна, нууц уу, нууцын зэрэглэлтэй юу гэдгийг мэдэхгүй байна гэх зэргээр мэдэн будилсан мэдээлэл хийсний дараа энэ бүх эргэлзээ дагуулсан үйл явдлуудад УИХ-ын гишүүн Х.Баттулга дэлгэрэнгүй хариулт өглөө.
Түүний хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.Авлигатай холбоотой асуудал МҮОНРТ-ээр яригдсаны дараа үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодорхой баримттайгаар тайлбар хиймээр байна. Миний баруун гар талд ЗТБХБ-ын дэд сайд асан А.Гансүх, Төмөр замын хууль эрхзүйн гэрээ, техник эдийн засгийн үндэслэл, Сайншандын аж үйлдвэрийн парк дээр 2007 оноос хойш хамтарч ажилласан, яаманд байхдаа миний орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан н.Ганбат нар байна. Бид гурав мэдээлэл хийнэ. Өнөөдөр тэмээ гэхээр ямаа яриад байдаг болжээ.Уг нь тэмээний тухай ярьсан чинь ямаа ярьсан учраас эхлээд ямаагаа танилцуулах хэрэгтэй байх. Ямаа гэдэг нь нууцлалын зэрэгтэй гэрээг хэлээд байгаа юм.
Нууцлалын зэрэгтэй гэрээг Ч.Хүрэлбаатар сайд нүдээрээ харсан, аймаар юм байна лээ гэсэн. Ц.Нямдорж сайд тагнуулч царайлаад ноцтой юм барьчихсан шинжтэй суусан, манай яамны дэд сайд гээд байгаа Т.Пүрэвдорж баахан ажилчидтайгаа орж ирээд үзээгүй хараагүй гэдгээ нотолсон. Үнэхээр тэд үзэж хараагүй ээ. Хуурамч гээд байгаа гэрээ нь энэ байна. Энд Монголын төмөр зам гэдэг компани, “МОРГ” гээд Монголд хөрөнгө оруулахаар ирсэн хятад, солонгосчуудтай хийсэн гэрээ юм. Нүүрэн дээр нь өмчлөлийн нууцлалтай гэж бичсэн байгаа нь энэ гэрээ гурав дахь хүнд очихгүй шүү, гэрээнд байх журам нь дахиж хэрэглэгдэхгүй, дотроо нууцаллаа гэсэн үг. 2008 онд Р.Раш салбарын сайд, Сангийн сайдаар Ч.Улаан, Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байх үед “Монголын төмөр зам”-ыг 100 хувь төрийн өмчит болгон байгуулсан. ЗТБХБЯ-нд ямар ч хамаа байхгүй. ТУЗ-ийн даргаар ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ гэж хүн ажиллаж байсан учраас бид хамааралтай болсон. Миний гарын үсэг байна уу гэвэл байгаа. Гэхдээ “танилцсан” гэсэн дээр нь байгаа. ЗТБХБЯ-ны өмнөөс танилцсанХ.Баттулга гэж байгаа. 1100 км төмөр замд хөрөнгө оруулах гэж байгаа бол тухайн салбарынх нь сайд танилцах эрхтэй, үүрэгтэй. Энэ гэрээ бол “Монголын төмөр зам” болон бусад компаниудад хадгалагдаад байж байгаа. Гэрээний нууцлалын зэрэг гэдэг нь өмчлөлийн нууц юм. Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн хэсгээс байна.
ЗТБХБЯ-нд Монгол Улсын Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны хуралдааны 23 дугаар тэмдэглэлээс гээд Хэлэлцээ хийх эрхийг олгох тухай шийдвэр гэсэн байна. ЗТБХБЯны хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслийн санхүүжилтийн талаархи саналыг хэлэлцээд уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлж, гэрээ байгуулах сонирхсон хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээр хийхийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад зөвшөөрөв. Хөрөнгө оруулагчтай хийсэн яриа хэлэлцээрийг Засгийн газарт танилцуулан, асуудлыг шийдвэрлүүлж байхыг даалгав гэж байна. Их хурлаас Засгийн газарт үүрэг өгдөг. “За та нарын төслийг батлаад өглөө шүү. Төмөр замаа бариарай, ингээрэй, тэгээрэй, барилгаа барь” гэдэг. Засгийн газар чиглэлийн яамддаа үүрэг өгнө. Чиглэлийн яамны сайд нар нь үүргээ аваад Засгийн газарт мэдээлэл хийнэ. Анх удаа харж байна гээд нүд нь орой дээрээ гарч байгааг няцааж байна. Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гэж байна. ЗТБХБЯ гэж байна. Төрөөс төмөр замын тээврийн талаар шинэ бүтээн байгуулалтын баримт, бодлого батлагдсан баримт бичигт тусгагдсан авто зам, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлын явцын талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан төслүүдийг хэрэгжүүлэхэд оруулах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах гэрээнд гарын үсэг зурсныг урамшуулав. Уул уурхайн бүтээгдэхүүнийг баталгаа гаргах татвар болон урьдчилгаа төлбөр зэрэг татварын шалгуур болгон авч үзэх нь зүйтэй гэж үзэв гэсэн байна. Энэ юмнуудыг сайн үзүүлэхгүй бол нууцаар гэрээ хийгээд, төмөр зам барьсан гэж яриад байх юм. Дахиад 2010 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 46 дугаар тэмдэглэлд, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого хэрэгжүүлэх, арга замын талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцуулаад, үүнтэй холбогдуулан тийм, тийм үүрэг өгөв гэж байна. 2011 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдааны наймдугаар тэмдэглэлд: ЗТБХБ-ын сайдХ.Баттулгад 2011 оны хоёрдугаар сарын 23, 26-ны өдөр Солонгост ажлын айлчлал хийх удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов гэж байна. Мөн гуравдугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тэмдэглэлд: Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлах тухай, УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Тамга нь энд байна. Энэ бүх материал ligalinfo.mn сайтад бүгд байгаа. Одоо би юунаас болгоомжлоод байна вэ гэхээр нууц материал гаргаад ирлээ гэх байхгүй юу. 2011 оны дөрөвдүгээр сарын зургааны өдрийн хуралдааны 18 дугаар тэмдэглэл УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого заалтын дагуу эхний шатанд барихаар төлөвлөсөн Даланзадгад, Тавантолгой, Сайншанд, Замын-Үүд чиглэлийн төмөр зам барих төслийг явцыг Х.Баттулга сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулав гэж ээлжит хуралдаануудад танилцуулж явсан. Бүх танилцуулгыг Үндсэний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтсон байна. Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэлийн БНСУ-д хийх албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан. Төлөвлөгөөг нь батлаад Солонгостой төмөр замын талаар хамтын ажиллагааг бүх хэлбэрээр хэрэгжүүлж, хамтран ажиллана 2010 оноос эхэлнэ гээд Их хурлын дарга чиглэл өгсөний дагуу явсан. Ц.Нямдоржийн яриад байгаа шиг нууцаар хийгээд, янз бүрийн байдлаар явдаг юм байхгүй. МТЗ төрийн өмчит компани зөв байгуулагдсан. Гэхдээ өнөөдөр мөнгө байхгүй. Бид мөнгөтэй болгохын тулд УИХ-ын тогтоол гаргаад хувьчилж, хөрөнгийн биржид арилжаалах болсон. Хөрөнгө босгохын тулд Япон, Солонгос, Хятад гээд хөрөнгө оруулагчидтай уулзаад явах боломжтой. Бие хамгаалагчаараа тавьсан гэнэ. Төрийн өмчит компанийн даргаар тавихдаа Засгийн газрын хурлаар оруулж сайд, Ерөнхий сайд нар баталдаг. Төрийн өмчийн хороо өөрөө сонгодог. Тэр үед Д.Сугар дарга байсан. Бие хамгаалагч гэж хэлэгдэх болсон шалтгаан нь хувийн хамгаалалтын байгууллагын даргаар олон жил ажиллаж байсан. Одоо JSI гээд залуучуудын байгууллагад Монголын талаас тэргүүлэгчээр ажиллаж байгаа залуу. Зарчимч шударга залуу. Би санал тавиагүй. Засгийн газрын хурлаар орсон асуудал.
Монгол Улсын Их хурлын тогтоолоор “МТЗ” ХК-ийн үнэлгээг олон улсын жишгийн дагуу шинэчлэл тогтоож төрийн мэдлийн хувьцааг 51 хувийн доод хэмжээг нэмэлт хувьцаа гаргаж старатегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох хувьцааг гадаадын болон Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжина гээд хувьчлаад мөнгө босгох ажил явагдаж байна. 1100 км төмөр замд хөрөнгө мөнгө босгох тогтоолд Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах, стратегийн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулах нөхцлийг уялдуулах замаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын уялдаа бүхий консорциум байгуулах төмөр замын холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх, санал боловсруулахыг Засгийн газарт танилцуулахыг ажлын хэсгийн дарга Н.Алтанхуягт даалгасугай. Энэ ажлын дагуу “МТЗ” ХК-нд эрх олгосон. Үүний дагуу МОРГ гэж яриад байгаа компани танай төмөр замд хөрөнгө оруулъя гэж захиа бичсэн.
Энэ компани ирээд Ерөнхий сайдтай уулзаад стратегийн хөрөнгө оруулагч болъё гэж уулзсан. Ингээд хамтарсан компани байгуулаад, хамтарсан гэрээтэй нь би өөрөө танилцсан гарын үсэг зурсан. Ажлын хэсэгт нь Ерөнхий сайдын хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүчний бодлого хариуцсан зөвлөх С.Энхбаяр гэж хүн байсан. Солонгосын консорциум гэж айж, эмээж яриад байгаа нь мэдээллийн дагуу ирсэн ЗТБХБЯ зөвхөн танилцсан гэсэн гарын үсэгтэй гэдгийг тодорхой ярилаа. Саналаа өгсөн учраас одоо хүртэл явж байгаа. Сая шинээр тавигдсан сайдтай уулзсан байна. 2012 оны гуравдугаар сарын 17-нд дахиад сонирхлоо илэрхийлсэн захиа явуулсан байна. Өөрөөр хэлбэл, консорциум байгуулсан. Санамж бичиг нь Ерөнхий сайдад танилцуулагдсан.
“Маккензи” гэдэг компанид 15 сая ам.доллар өгөөд тендергүйгээр шалгаруулаад тэрнийх нь 2.5 сая ам.долларыг нь н.Ганбат өөрийнхөө компанид авсан гэдэг зүйл ярьж байна. “Маккензи” нь зөвлөх үйлчилгээ явуулдаг компани, дэлхийд эхний гуравт байдаг. Техник эдийн засгийн үндэслэл нь дэлхийн аль ч банкинд хүлээн зөвшөөрөгддөг. АН-ын бүлэг дээр танилцуулсан. Ерөнхий сайдад тусад нь танилцуулсан. Засгийн газрын танхим, Ерөнхийлөгчийн аюулгүй зөвлөлд танилцуулж дэмжлэг авч байсан. 15 сая ам.доллараас 1800 км зам тавихад км нь хоёр сая гэж бодоход 3.6 тэрбум долларыг “Монголын төмөр зам” босгох ёстой. Нийтдээ гурван ажил хийгдэхээс эхний 15 сая ам.долларыг авах ёстой байсан 5.6 сая ам.долларыг өгсөн бусад үлдсэн. ТЭЗҮ хийлгэхийн тулд бид 6.5 сая ам.доллар төлсөн. Дэлхийн жишгээр тооцвол техник эдийн засгийн үндэслэл/ ТЭЗҮ/ хийлгээд дуусахад 150-300 сая ам.долларын цаас хийж дуусах юм. Дундаас нь 2.5 сая ам.долларын асуудал гарч ирсэн.
Бид 6.5 саяас н.Ганбатад өгөөгүй. “Маккензи” Монголын талд ажиллах хүнээ өөрөө сонгодог. Урьж авчирсан хүн нь н.Ганбат гээд залуу байна. Түүний дор 20-иод залуу ажилладаг. Тэд бүгд “Зөгийн үүр” төслийн хүрээнд эх орондоо эргэн ирж хөгжлийн програм дээр дэлхийн улстай дүйцэхүйц програм хийгээд сууж байна. Тэдний хийсэн төслийн дагуу төмөр зам бариад ажлаа эхэлсэн бол үүрээ орхисон зөгийнүүд эргээд ирэх байсан юм. Улс төрийн зорилгоор ашиглаж, тэдний зоригийг мохоох хэрэггүй байсан. Тэд төсөл хийгээд ажлын хөлсөө авсан. Намайг гэрээ хийсэн гэж яриад байна лээ. МТЗ төрийн өмчит компани өөрөө гэрээ хийдэг юм. Би хийгээгүй. Засгийн газар, Үндэсний аюулгүй байдал, УИХ, бүлэг, Ерөнхийлөгч хүртэл сонсч байсан гэрээ. Бүх зүйл учир жанцантай явдаг. 100 мянган айлын орон сууцны хувьд Яармагт сул газар байна гээд газрын хүмүүстэй нь яриад шийдсэн. Ууганаа гэж миний зөвлөх гэж яриад байгаа залуу 2007 онд сургуулиа төгсөөд энэ төсөлд ажилласан.
Би албан бус зөвлөхөөр авсан. Цалин авдаггүй. Яармагийн бүх айлаар орж судалгаа хийсэн. Яармаг гэдэг газар орон сууцны хороолол барих төлөвлөгөөг багийнхаа залуустай гаргаад түүнийгээ Хятадын банкаар зөвшөөрүүлсэн байсан. Арын хаалга байхгүй. Би бахархсан. Хятадын банк мөнгөө өгч байгаа тохиолдолд гүйцэтгэгч компаниа өөрөө сонгодог. Шинэ яармаг хорооллын хувьд Сү.Батболд сайд өөрөө очиж шавыг нь тавьж байсан юм шүү дээ. Хөрөнгө оруулалт нь олдчихоод ажил хэрэг болох л дутуу байсан юм.