
БОХХАА-н байнгын хороогоор "Цагаан алт" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2025.04.08/ хуралдаан 14 цаг 15 минутад эхэлж, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбарын яамдын цаг үеийн сэдвийн мэдээллүүдтэй танилцлаа.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Иймд хуралдаан Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын мэдээллээр үргэлжиллээ.
Тэрбээр мэдээлэлдээ, уг тогтоол нь “Цагаан алт” хөдөлгөөн нэртэйгээр хэрэгжиж эхэлснийг дурдаад дэлхийн ширхэгт материалын үйлдвэрлэлд жилд 116 сая тонн шаардлагатай байдаг бөгөөд үүнээс амьтны гаралтай ширхэгт 1.6 хувийг эзэлж байна. Дэлхийн ноолуурын түүхий эдийн 40 хувийг Монгол Улс бэлтгэдэг. 2029 он хүртэл дэлхийн ноолуурын зах зээл жилийн 6.1 хувиар өсөж 4.3 тэрбум ам.долларт хүрэх судалгаа байна. Харин манай улс хонины тоо толгойгоороо дэлхийд 14 дүгээрт орж, жилдээ 30 мянга гаруй тонн хонины ноос бэлтгэж байна. 2029 он хүртэл дэлхийн ноосны зах зээл жилийн 3.2 хувиар өсөж 45.6 тэрбум ам.долларт хүрэх судалгаа байна. Мөн дэлхийн арьсан эдлэлийн зах зээл жилийн дундаж өсөлт 4.3 хувь бөгөөд 2029 онд 376.2 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг онцлов.
Манай улс 2024 оны байдлаар 57.7 сая толгой малтай байна. Үүнээс, ноолуур 8.5, хонины ноос 34.2, тэмээний ноос 1.9 мянган тонн, сарлагийн хөөвөр 397.6 тонн, арьс шир 17.2 сая.ширхгийг бэлтгэх боломжтой. Улсын хэмжээнд ноос ноолуур боловсруулах 173 үйлдвэр аж ахуйн нэгж тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаагаас, угаах 76.485, хялгас ялгах 13.122, ээрэх ноолуур 2.978, ноос 2.110 тонн, нэхэх ноолуур 2,512, хивс 1.600 мянган м2, сүлжих 5,293 ширхгийг үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан байна. Улсын хэмжээнд арьс шир боловсруулах 27 үйлдвэр байгаагаас Улаанбаатар хотод 24, Дархан-Уул аймагт 2, Өвөрхангай аймагт нэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Манай улс жилд 15-20 сая ширхэг арьс ширэн түүхий эд бэлтгэх нөөцтэй бол 21.3 сая ширхэг арьс ширийг хагас боловсруулах хүчин чадал суурилагдаад байна. Манай улсын ноолуур боловсруулах салбарын хувьд угаах, самнах хүчин чадал түүхий эдийнхээ нөөцөд тулгуурлан 100 хувь суурилагдсан, ээрэх, нэхэх, сүлжих хүчин чадал дутмаг байгааг мэдээлэлд дурдсан байлаа.
Түүнчлэн ноосны салбарын хувьд угаах хүчин чадал 100 хувь суурилагдсан, самнах, ээрэх, нэхэх, сүлжих хүчин чадал дутмаг байна. Арьс шир боловсруулах салбарын хувьд хагас боловсруулах хүчин чадал 10 хувь суурилагдсан, гүн боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хүчин чадал дутмаг байна. Иймд дэлхийн зах зээлийн чиг хандлага, манай улсын түүхий эдийн нөөц, боломж, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт зэрэг дээр тулгуурлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40 хувь, ноосны бүрэн боловсруулалтын түвшинг 25-50 хувь, арьс ширний гүн боловсруулалтын түвшинг 30-50 хувьд хүргэх зорилго тавин ажиллаж байгааг мэдээлэлд дурджээ.
Түүнчлэн “Цагаан-Алт” хөдөлгөөн нь салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах зэрэг дөрвөн үндсэн чиглэлээр 18 оролцогч талуудын хамтын ажиллагааны хүрээнд 27 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ингэснээр бид арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын 3.1 их наяд төгрөгийн үйлдвэрлэл, 831.4 сая ам.долларын экспорт, 25.8 мянган ажлын байрыг нэмэгдүүлнэ хэмээн Ж.Энхбаяр сайд хэлсэн.
“Цагаан-Алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 1.5 их наяд төгрөгийн арилжааны 10 банкны эх үүсвэрээр хөнгөлттэй зээл олгох бөгөөд энэ хүрээнд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар ноолуурын салбараас 71, ноосны салбараас 148, арьс ширний салбараас 96, нийт 315 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлсэн. Хөрөнгө оруулалтын зээлд ноолуурын салбараас 64, ноосны салбараас 129, арьс ширний салбараас 69, нийт 262 аж ахуйн нэгж зээл авах хүсэлтээ ирүүлснийг мэдээлэлд дурдсан байв.
Мөн Монголбанкны 2025 оны 03 дугаар сарын 31-ны мэдээгээр ноолуур боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл олголт 31.6, ноос, хөөвөр боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл 21.3, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл 10.5, савхин гутал, савхи болон нэхий хувцас, цүнх, жижиг эдлэл, бүс тэлээ, савхин бээлийний үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл нэг хувийн явцтай байна.
Харин ноолуурын сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 8.7, ноос самнах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 3.8, ноос сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 7.3, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 5.5, савхин гутал хувцас болон нэхий хувцас, цүнх, жижиг эдлэл, бүс тэлээ, савхин бээлий үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 19.5 хувийн явцтай байгааг салбарын яамны мэдээлэлд дурдсан байв.
2025 онд ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эргэлтийн хөрөнгийн зээлд 230 тэрбум төгрөг, ээрэх, нэхэх, сүлжих дамжлагын хөрөнгө оруулалтад 132 тэрбум төгрөг, ноос боловсруулах үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд 30 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 290.9 тэрбум төгрөг, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд 40 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 66 тэрбум төгрөг тус тус олгогдохоор санхүүжилт нь батлагдаад, зээл олгож эхэлсэн байна.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Уянга, М.Ганхүлэг, Ж.Чинбүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, Б.Заяабал, Б.Мандхай, З.Мэндсайхан, С.Замира нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал монголд ноолуур самнах хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэх боловч гаалийн мэдээгээр импортоор угаасан ноолуур оруулж ирж буйд салбарын яамнаас анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Ж.Чинбүрэн нар “Цагаан-Алт” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, ноолуур боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжих нь чухал гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ малчдаас нийлүүлэх түүхий ноолуурыг 100 хувь авах зохицуулалтыг хангасан томоохон бодлогыг Засгийн газар боловсруулах шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан “Цагаан-Алт” хөтөлбөрийн хүрээнд малын дайвар бүтээгдэхүүн боловсруулах салбар хамрагдаагүйд анхаарч арга хэмжээ авах, Улсын Их Хурлын гишүүн Б.Мандхай Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөр, хөдөлгөөнүүдийн уялдаа холбоог сайтар хангах, үйлдвэр технологийн паркуудаа яаралтай барьж, ашиглалтад оруулахад анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.
Мэдээлэл сонссонтой холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Засгийн газарт чиглэл өгөх тухай" тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжив. Уг тогтоолын төсөлд малчдаас зах зээлд нийлүүлэх түүхий ноолуурыг 100 хувь нэмэгдүүлэн худалдан авах ажлыг яаралтай зохион байгуулах, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг банкуудын чөлөөт эх үүсвэрийг ашиглах замаар зохион байгуулах арга хэмжээ авахыг тусгасан байв.