Б.Түвшин: Ардчилсан үзэл баримтлалыг эрхэмлэж, туршлага хуримтлуулсан чуулган боллоо
УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдүгээр сарын 24-нд өндөрлөв. Баруун бүсийн сонгогчдын итгэлийг хүлээж, төрд төлөөлөн ажиллаж буй УИХ-ын гишүүн Б.Түвшин хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан шийдвэр, гишгэсэн мөр бүхэндээ эзэн болж ажилласан тухайгаа онцлов.
Тэрбээр “Төрд эдийн засгийн сахилга бат, ёс суртахуун, үүрэг хариуцлагын шинэ түвшин тогтооно” хэмээн зоригдсон зорилгынхоо төлөө ажиллалаа. Иргэд, сонгогчид, олон нийтэд төрийн үйл хэргийн талаарх үнэн зөв мэдлэг мэдээлэл өгөх, шударга, үнэн, нээлттэй ажиллах “оюун санааны шинэ соёл” бий болгохыг зорьж, өөрийн#МоБлог-оо хөтөлж, цөөнгүй дугаараар, багагүй мэдээлэл хуваалцлаа. Цаашид MобайлБлог төрлөө улам бүр боловсронгуй болгон хөгжүүлж, ил тод нээлттэй, эргэх холбоотой ажиллана” гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Харин улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох үйл хэрэгт иргэд сонгогчдоо төлөөлөн ажиллахдаа “цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, улс үндэсний эрх ашгийг дээдэлж, зайлшгүй хийгээд чухлын эрэмбийг харгалзаж, үнэн зөвийн тэнцвэрийг хадгалан ажиллах зарчим” баримталсан гэж бодож байна.
Цаашид эрүүл хийгээд бүтээлч шүүмжид эерэг, соргог хандаж, эх орныхоо ирээдүйг өнөөдрийнхөөс сайжруулах боломж бүрийг алдахгүйн төлөө ажиллах болно.
УИХ-ын 126 гишүүнтэй парламентын анхны намрын ээлжит чуулганаар нийт 52 хууль батлалцаж, 57 тогтоол хэлэлцэж, Монгол Улсын хөгжлийн тулах цэг хэмээгдсээр буй 14 мега төсөл, салбаруудын 150 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхэд оролцлоо.
Монгол төрийн үйл хэрэг оновчтой мэргэн байж, түмэн олны итгэл найдвар сэргэн, улс нийтээрээ эвийг зангидан урагшилж, ирээдүйгээ улам бүр баталгаажуулах “Сайн Цаг” айсуй” хэмээн байр сууриа илэрхийлэв.