Урт цагааны суурин дээр ДАЛД ЗОГСООЛ байгуулна
Өнгөрөгч Баасан гарагт Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод машины далд зогсоол барих шийдвэрээ танилцуулж, Урт цагааны суурин дээр эхний ажлаа эхлүүлж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр" Хотын хүн амын нягтшил ихсэхийн хэрээр зогсоолын хүрэлцээ бидний өдөр тутмын томоохон асуудлын нэг болоод байна. Хуучин нийгмийн үед баригдсан хотхон, хорооллуудад далд зогсоол гэж байхгүй. Гадна талбайд төлөвлөсөн хэдхэн зогсоол нь хаанаа ч хүрдэггүй. Шинээр ашиглалтад орж байгаа байр хотхонууд ч мөн ялгаагүй шахуу. Үүнээс болоод хот маань хүнд биш машинд зориулсан хот болж хувирлаа. Хотхон, хорооллын дундах замуудынхаа хашлагыг давуулаад машинаа тавьчихдаг, тэргэнцэртэй иргэд, хүүхдийн тэрэг түрсэн хүн байтугай хажуугаар нь зүгээр зөрөхөд ч төвөгтэй нөхцөл байдал хаа сайгүй.
Худалдаа үйлчилгээний байгууллагууд хүртэл зогсоолгүйн улмаас худалдаачид өөрсдөө өглөө зогсоолдоо машинаа байрлуулаад орой гардаг байршлууд олон бий. 3, 4-р хороолол, Хүүхдийн 100 орчмын үйлчилгээний байгууллагуудын зогсоолын сэлгэлт маш муу. Энэ мөн л бидний төлөвлөлтийн алдаа. Авто машины өсөлтийг тооцоогүйн уршиг. Дээрх нөхцөл байдлаас үүдээд гадна тохижилт, ногоон байгууламж, амрах салхилах талбай байтугай эвтэйхэн алхах явган зам ч хийхэд хүндрэлтэй болсон.