УИХ-ын дарга төмөр замын чиглэлээр БНСУ-тай хамтрахыг үүрэгдсэн
УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүх болон өөрийнхөө зөвлөхөөр ажиллаж байсан н.Ганбат нарыг дагуулж ирсэн юм. Х.Баттулга гишүүн ингэж ярилаа.
Гэрээ угаасаа өмчлөлийн нууцын зэрэглэлтэй
“Сүүлийн өдрүүдэд өрнөөд байгаа асуудлаар тайлбар хийе гэж ирлээ. Засгийн газрын нэр бүхий хэдэн сайдын авлигатай холбоотой асуудлыг телевизээр ярьсны дараа ийм
нөхцөл байдал үүслээ. Асуудал гаргаж тавиад байгаа хүмүүс ямаа гэхээр тэмээ гэж дайраад байх юм. Тэгэхээр бид нууц гэж нийтэд зарлаад байгаа гэрээний тухай ярья. Энэ гэрээг Ч.Хүрэлбаатар нь нүдээрээ харсан гэлээ, Ц.Нямдорж нь тагнуул царайлчихаад бас яриад байна. Манай яамны дэд сайд Т.Пүрэвдорж нь хүртэл энэ гэрээг үзэж хараагүй гээд байна. Үнэндээ түүний зөв, тэр хараагүй. Угаасаа ийм гэрээний ажилд тэд оролцдоггүй байсан юм. Тэдний хуурамч гээд байгаа гэрээ нь энэ байна. Гэрээг Монголын талаас “Монголын төмөр зам” төрийн өмчит компани байгуулсан. Тэд Хятадын Дандонг компанийн хамтарсан БНСУ-ын Морек хэмээх компанитай энэ гэрээг хийсэн байна. Гэрээний дээд талд өмчлөлийн нууцлалтай гэж бичсэн байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр үүнийг гуравдагч этгээдэд харуулж болохгүй, нууцалсан гэсэн үг. Тэгвэл “Монголын төмөр зам” гэдэг компанийг 2008 онд байгуулсан юм. Тухайн үеийн Зам тээврийн сайд Р.Раш, Сангийн сайд Ч.Улаан, Ерөнхий сайд С.Баярын үед гэсэн үг шүү дээ. Тэгэхээр уг компани манай яаманд ямарч хамаагүй. Тэгээд ч төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Л.Бат-Эрдэнэ ажилладаг юм.
Солонгосын компанийг сонгосон шалтгаан юу байв
Энэ гэрээнд намайг гарын үсэг зурж баталсан гээд байх юм. Би гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ батлаагүй юм шүү дээ. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж, гэрээтэй танилцсан гээд гарын үсэг зурсан байгаа. Монголд 1100 км төмөр зам барихаар гэрээ байгуулж байхад салбарын сайд нь танилцах нь зөв биз дээ” гээд Засгийн газраар төмөр зам тавих талаар танилцуулж байсан хурлын тэмдэглэлүүдийг он сар, өдрөөр нь танилцууллаа. Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Зам тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон санхүүжилтийн талаар хэлэлцсэн байна. Ингээд уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлж, хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулахыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад зөвшөөрчээ. Энэ тухайгаа эргүүлээд танилцуулахыг ч түүнд даалгасан байна.
Х.Баттулга гишүүн “Аливаа том ажлыг хийхэд УИХ Засгийн газартаа үүрэг өгдөг юм. Энэ дагуу УИХ “Та нар төмөр замаа бариарай” гээд Засгийн газарт үүрэгдсэн. Харин Засгийн газар чиглэлийн яамдаа үүрэг өгсөн. Чиглэлийн яамд нь үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар Засгийн газартаа мэдээллээ байнга өгдөг байлаа” гэв. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, шинэ бүтээн байгуулалтын талаар баримт бичгүүдийг тэрээр Засгийн газарт цаг тухайд нь танилцуулдаг байсан. 2011 оны хоёрдугаар 23-ны Засгийн газрын хуралдаанаар миний Солонгост хийх ажлын айлчлалыг хүртэл зөвшөөрсөн. 2011 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр “УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Төмөр замын талаар баримтлах бодлогод заасны дагуу эхний шатанд барихаар шийдсэн Даланзадгад-Таван толгой-Сайншанд- Чойбалсангийн чиглэлийн төмөр замын ажлын явцыг танилцуулсан. Үүнээс хойш ажлын явцыг байнга хэлж байсан.
Тэгж яривал УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн БНСУ-д айлчилсан ажлын төлөвлөгөөг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нар баталсан байна. Үүнд “БНСУ-тай төмөр замын бүх чиглэлээр хамтран ажиллахыг дэмжинэ. Энэ ажлыг 2010 оноос эхэл. Үүнийг хариуцах газар нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам” гээд заагаад өгчихсөн байгаа. Ийм үүрэг даалгаврын дагуу Төмөр замын” хөрөнгө оруулагч компанитай гэрээ байгуулах эрхийг “Монголын төмөр зам” компанид өгсөн” юм.
Үнэндээ “Монголын төмөр зам” компанид хөрөнгө мөнгө гэж байгаагүй. Тэднийг хөрөнгөтэй болгох үүднээс 49 хувийг нь олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж хувьчилъя, үлдсэн 51 хувь нь төрийн мэдэлд байг гэсэн юм. Тиймээс тэр компани хөрөнгө оруулагчтай гэрээ хийхийн тулд Орос, Хятад, Япон, Солонгосын компанитай уулзаж, гэрээгээ хийх эрхтэй. Энэ компанийн захирлаар миний бие хамгаалагч байсан н.Батзаяа гэдэг залууг томилсон гээд яриад байна. Тэр хүнийг би энэ суудалд аваачаагүй. Төрийн өмчийн хороо томилж, Ерөнхий сайд баталсан. Батзаяа өөрөө хувийн хамгаалалтын компанитай. Харин сүүлд JCI хэмээх компанид удирдагчаар ажиллаж байсан юм билээ. Тэр бол манай сайд нарын хүү, хүргэн шиг намд элсч ажилд ордоггүй, шударга залуу байгаа юм.
УИХ-аас гаргасан тогтоолын дагуу Морек гэдэг компани Монголын төмөр зам компанид төмөр замд хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлсэн байдаг. Тухайн компанийн төлөөлөл Монголд ирж Ерөнхий сайдтай уулзсан байгаа. “Танай стратегийн хөрөнгө оруулагч болъё” гэсэн санал тавьсан. Ийм үйл явдлын дараа гэрээ байгуулж, түүнтэй би танилцлаа гэж гарын үсэг зурсан хэрэг. Өөр зүйл байхгүй. Тэгээд ч төмөр замын талаар асуудлыг хариуцсан яамнаас гаргасан ажлын хэсэгт Ерөнхий сайдын зөвлөх С.Энхбаяр орсон байдаг. Тиймээс энэ хүрээнд яригдаж байгаа уулзалт, хэлэлцээрүүдийг Засгийн газар мэдэхгүй байна гэж байхгүй” гэв.
Харин “Морек”-тэй хийсэн гэрээ хүчингүй юм уу. Энэ гэрээ хэрэгжээгүй гэл үү” гэсэн манай асуултад “Тийм. Морек хэмээх хамтарсан компани төмөр замд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Ц.Дашдорж сайдтай ес хоногийн өмнө уулзсан байна лээ. Дахиад гэрээний асуудал ярьсан гэсэн. Хөрөнгө оруулах консерциумаа байгуулахад нь “Сигнум”, Хятадын “Дандонг”, “Энержи ресурс” компанийн төлөөлөл оролцсон байна лээ.
Мөн төмөр замын ТЭЗҮ-ийг хийлгэхдээ “Маккензи” гэдэг компанийг тендергүйгээр шалгаруулж, 15 сая доллар өгсөн. Дундаас нь 2.5 сая ам.долларыг нь Х.Баттулга авчихсан гэдэг зүйл яриад байна. Энэ компани зөвлөх үйлчилгээ явуулдаг, дэлхийд гуравдугаарт ордог. Тэдний хийсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дэлхийн аль ч банкинд хүлээн зөвшөөрдөг юм. Энэ тухай намын бүлэг дээр танилцуулсан. Ерөнхий сайдад ч танилцуулсан. Бүр Ерөнхийлөгчийн аюулгүйн зөвлөлд хүртэл танилцуулсан байдаг. “Макканзи” гэдэг компаниар нийтдээ гурван шатны ажил хийлгэх байсан. Эхний ээлжинд ТЭЗҮ-ээ хийлгэж 6.5 сая доллар төлсөн байгаа. Харин тус компанийнхан Монголын талаас ажиллах хүмүүсээ өөрөө авахдаа энэ Ганбатыг сонгосон юм. Ганбатын ард талд хэлтэй, устай 20 гаруй чадварлаг залуус ажилласан. Тэд “Маккензи” компанитай гэрээ байгуулж, ажлынхаа хөлсөнд 2.5 сая ам.доллар авсан. Гэтэл ийм зүйлийг улс төрд ашиглаж болохгүй ээ. Гадаадад байгаа мэдлэгтэй залуусаа ингээд улс төрд ашиглаад байх юм бол нөгөө Ерөнхий сайдын яриад байсан “Зөгийн үүр” хөтөлбер нь яаж ахицтай байх юм.
Дараа нь ярьж байгаа өөр нэг зүйл нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөр. Гэтэл энэ хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагчаар нь шадар сайд М.Энхболд ажилласан шүү дээ. н.Ууганбаяр гэдэг залуу бол 2007 онд орон сууцны төслийн чиглэлээр сургууль төгссөн. Оюутан байхдаа энэ залуу ангийнхантайгаа нийлээд Яармагийн бүх айлаар явж судалгаа хийгээд, орон сууц барих төсөл бичсэн байдаг юм.
Тийм учраас би түүнийг үнэлж, орон тооны бус зөвлөхөөрөө авсан байдаг. Тэр өөрийнхөө хийсэн төслийг Хятадын “Эгзим” банкинд танилцуулсан чинь тэр нь шалгарсан. Хятад бол манай МАН-ынхан шиг биш шүү дээ. Тэнд арын хаалга гэж байхгүй, авлига гэж мэдэхгүй. Хэрэв авлига авбал цаазаар авна шүү дээ. Ийм хэцүү улсын банк түүний төслийг шалгаруулсан байдаг юм. Үүнийг нь хараад би бахархсан. Төсөл шалгаруулагч Хятадын банк гүйцэтгэгчээ өөрсдөө захиалсан. Түүний тулд манай Хөгжлийн банкнаас ганц бичиг аваад ир гэсэн юм. Харамсалтай нь тэр бичгийг нь манайхан гацаачихсан юм шүү дээ. Ердөө ийм л зүйл байгаа юм. 100 мянган айлын орон сууц барих төслийг Засгийн газраар оруулсан. Би сайд байхдаа төмөр замаа, 100 мянга айлын орон сууцаа, Сайншандын цогцолбороо барьчихаад дараа нь шоронд суусан ч яахав гэж тоглоом шоглоомоор ярьдаг байсан. Ямар МАН-ынхан шиг 14 тэрбум төгрөгөөр тоглоод, төрийн банк дампууруулаад явж байгаа биш дээ. Даанч манай яаманд явж байсан чухал төслүүд цаасан дээрээ үлдсэн дээ. Энэ Засгийн газар төмөр замыг улайм цайм гацаасан.
Ц.Нямдорж сайдын нууц гэрээ гэдгийг дэлгэсний шалтгаан юу вэ?
Үнэндээ “Ухаа худаг”-аас Гашуун сухайт хүртэл 240 км төмөр зам барих зөвшөөрлийг 2008 оны зургадугаар сарын 23 буюу сонгуулиас тав хоногийн өмнө өгсөн байлаа. Тэр үед төмөр замын талаар баримтлах бодлого гараагүй байсан. Ингээд есдүгээр сард нь би Засгийн газарт ороод Хятадын төмөр замын сайдтай уулзахад долоон газраар нарийн царигтай төмөр зам барих төлөвлөгөө гаргачихсан байсан. Яагаад ийм зүйл болсныг түүнээс асуухад “Танай өмнөх сайд нар ийм санал өгсөн” гэж хэлсэн юм. Үүнээс болж өргөн, нарийн царигтай төмөр замын маргаан үүссэн юм шүү дээ.
Д.Дорлигжав прокурор Ц.Нямдоржийн УИХ-ын дарга байхдаа гаргасан тогтоолыг ярьж байна лээ. Тэр 2007 онд УИХ-ын дарга байхдаа стратегийн орд газруудыг журамлана гэсэн тогтоол гаргасан. Үүний нэгдүгээр хавсралтад Таван толгой, Энержи ресурс, Дайцүки зэрэг компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц нь тогтоогдсон талбайг стратегийн ордод хамааруулна гэсэн байгаа. Гэтэл “Энержи ресурс” компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулахдаа “Энержи ресурс”-ийг хасна гэсэн заалт оруулсан. Үүнийг нь зөвшөөрөхгүй гэдэг саналыг манай яам Сангийн яаманд өгсөн. Эцэстээ “Ухаа худаг”-ийг авахдаа “Энержи ресурс” компани 833 мянган ам.доллар төлсөн байдаг. Хайгуул хийсэн зардлаа бас тооцсон байдаг. Гэтэл энэ ордын хайгуулын аль эрт оросууд хийсэн байдаг юм. Ингэж л хууль зөрчиж, улсаар тоглож байна шүү дээ.
Ухаа худаг Таван толгойн дөрвөн хувийг авлаа гэж матрын нулимс унагадаг. Тэгтэл тэдний яриад байгаа дөрвөн хувь нь дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэнцдэг юм. “Ухаа худаг” нүүрсээ экспортолж, ашиг олоод хөрөнгийн биржид хувьцаа гаргаж өчнөөн тэрбумаар нь ашиг олж байна. Тиймээс хэрэв том Таван толгой ашиглалтад орчихвол “Энержи ресурс” ашиг олохоо байна гэсэн үг. Ийм учраас том Таван толгойг ашиглалтад оруулахгүйн тулд манай сайд нарыг орон сууцаар хангаж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулж байна. Үүнийг би хэлсэн болохоор өнөөдөр Ц.Нямдорж тэс хөндлөнгийн зүйл ярьж байна. Хонконгийн биржид гарчихаар энэ ордууд үнэгүй болчихоод байна. Үүнийг нь ярихаар өөдөөс тэс хөндлөнгийн өөр зүйл яриад байна. Ц.Нямдоржтой бид тэмцэлдээд байгаа юм биш. Ц.Нямдорж Ерөнхий сайдаа, намаа өмгөөлж байгаа юм шиг царайлж увс зангаа гаргадаг байхгүй юу. Хэний орон сууцанд амьдарч байгаагаа ч мэдэхгүй гэж мэдэн будлиад байна. Сайд Ё.Отгонбаяр тэр компаниас орон сууц авсан. Түүний төрсөн ах Ухаа худагийн төмөр замын даргаар ажилладаг. Үүнийгээ яагаад хэлэхгүй байна аа. “Манай хэвлэлийнхэн нэг зүйл анхаараад өгөөч. Ухаа худаг Монголын 20 гэр бүлийнх, Таван толгой 2.7 сая иргэнийх. Үүнийг харьцуулаад бодоод үз. Ийм шударга бус зүйлтэй бид эвлэрэх ёсгүй. Энэ талаар АН-ын бүлгийн ажлын хэсгийн дүгнэлт өнөөдөр гарах байх. Түүнийг УИХ-ын даргад танилцуулж, Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад гарсан тогтоол хэрэгжээгүйг үзүүлнэ. Хэвлэлийнхнийг би ойлгож байна.
Бүгд мөнгөнөөс болоод MCS-ийн асуудлыг гаргахгүй байна. С1 хүртэл тэднийхтэй гэрээ хийгээд явж байна. Би зурагтаараа ярих гэсэн чинь гаргадаггүй байна шүү. Яасан гэсэн чинь MCS-тэй гэрээ хийчихсэн байгаа юм. МҮОНРТ-ээр гаргахгүй гэхээр нь “орон сууц ярина” гэж худлаа хэлээд Ц.Нямдорж МҮОНРТ-ээр Хувьсгалт намынхныг 20 минут ярилаа. Тэгсэн надад хоёр минут ярих эрх олгож байна. Дөрөвдүгээр засаглалынхан та нар энэ асуудалд эрүүлээр хандаарай.
Өнөөдөр Ч.Хүрэлбаатар сайд төмөр зам, бүтээн байгуулалтын талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа биз. Ц.Нямдорж ч гэсэн. Ерөнхий сайд нь ч ойлголт байхгүй. Яармагийн шинэ хорооллын шавыг Ерөнхий сайд чинь тавьсан юм шүү дээ. Би “Батболд доо хоёулаа бизнес хийж байсан юм байна. Энэ Яармагийн хорооллыг босгочихъё” гэж хэлээд тэнд аваачиж, шавыг нь тавиулсан юм. Тэр дэд сайд Т.Пүрэвдорж хөөрхий минь бүр юу ч мэдэхгүй. Гурван жил нэг албан тушаалд суух үүрэгтэй хүнээс цаашгүй.
Ажлын чадвартай командыг би 2008 онд бүрдүүлсэн. Сайншанд дээр Ганбат, Төмөр зам дээр А.Гансүх, 100 мянга айлын орон сууц дээр Ууганбаяр гэдэг чадвартай залуусыг тавьсан. Үнэндээ манай яамдад чадвартай боловсон хүчин байхгүй. Яагаад гэвэл сүүлийн 20 жилд МАХН сонгуульд луйвраар гарч, намаа тэжээдэг. Тэжээгдсэн хүмүүсээрээ намаа санхүүжүүлдэг. Жишээ нь гэгээн цагаан өдрөөр нэгийгээ алдаг, улсын банкийг иддэг шүү дээ. Сүүлд нь долдугаар сарын 1-нд таван хүнийг буудаж алуулсан. Үнэн биз дээ. Би алдаа гаргасан байж магадгүй. Яамнаас мөнгө идээгүй. Яамны ажилд хувиасаа арваад тэрбум төгрөг гаргаад ажилласандаа алдсан байж мэднэ. Тэглээ гээд би өр нэхэхгүй. Улсаа хөгжүүлж байна л гэж бодож байна.
Энэ төрд Монгол Улсыг хөгжүүлэх сонирхол алга. Би зөвхөн Хувьсгалт намынхныг хэлээгүй. Энэ парламентын 76 гишүүн дотор МАН-ын талын гишүүдээс нэг нэгээрээ над дээр ирээд таслаад явдаг гишүүн зөндөө бий. Тэд ил ярихаасаа айдаг юм. Тэд “Хэдхэн сайд жорлон дээр суусан ялаа шиг “Ухаа худаг” дээр шавчихсан байна” гэцгээдэг. Өнөөдөр намайг ийм баримтууд дэлгэхээр маргааш улсын нууц задаллаа гээд ярьж магадгүй. Тэгвэл энэ бичгүүд бүгдээрээ legalinfo.mn гэсэн сайтад байгаа шүү” гэсэн юм.