Хувийн хэвшлийн цалингийн тогтолцоонд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой гэв
Хөдөлмөрийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх, салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий “Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн” өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ.
Хөдөлмөрийн яамны харьяанд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, аймаг, нийслэл, дүүрэгт Хөдөлмөрийн газар, хэлтэс, мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага ажиллаж байна. Эдгээр хэлтэст 3800 гаруй ажилтан хөдөлмөрийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
2015 онд нийтдээ Хөдөлмөрийн биржид 77.8 мянган ажлын байрын захиалга ирсэн бөгөөд 49.7 мянган иргэнийг зуучилсан байна. Одоогоор ажил идэвхтэй хайж байгаа бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 32.7 мянга байгаа аж. Өнгөрсөн онд Сонгионохайрхан дүүрэг 5696 хүн ажлын байртай болгож, салбартаа тэрүүлжээ.
2016 онд хөдөлмөрийн салбарт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, салбарын байгууллага, нэгжүүдийн ажлын уялдаа холбоо, хариуцлагыг сайжруулах замаар иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг дээшлүүлэх шаардлагатай зүй ёсоор тулгарч байгааг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Орон нутаг дахь Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ хоорондын уялдаа сайжруулж, төгсөгчдийг ажлын байранд зуучлах хэрэгтэй. Мөн гадаадаас ажиллах хүч авч буй аж ахуйн нэгж байгууллагууд гадаад ажилтнуудыг дагалдуулан монгол ажилтныг ажиллуулах, туршлага судлуулах нь зөв. Хөдөлмөрийн хэлтсүүд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Сум хөгжүүлэх сан” болон улсын төсвөөс хуваарилагдсан хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй болгох учиртай” хэмээв.
Өнгөрсөн онд Хөдөлмөрийн харилцааны эрхзүйн орчныг шинэчлэх тал дээр хэд хэдэн томоохон алхам хийжээ. Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл аюулгүй байдлыг хангах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар баталжээ. Хуульд орсон гол заалт нь хөдөлмөрийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байна. Ажил олгогч үйлдвэрлэлийн осол гарахаас урьдчилан сэргийлэх, 50-иас дээш хүнтэй байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан (ХАБЭАА) ажиллуулах, Уул уурхай, барилга, зам тээврийн байгууллагууд хүний тооноос үл хамааран ХАБЭАА ажиллуулах заалт оруулсан хэмээн Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцаа, бодлого зохицуулалтын газрын дарга Х.Алимаа хэлэв.
Тэрбээр, “Үйлдвэрлэлийн осол гарах шалтгааныг тогтоох статистик, бүртгэлийн тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэхүү статистик ослын шалтгааныг тогтоох, цаашид дахин осол гарахаас урьдчилан сэргийлэхэд чухал түлхэц болох юм.
Мөн төсвийн боломжийг харгалзан үзэж төрийн албан хаагчийн цалинг нэмэх, хөдөлмөрийн хөслний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ажилтны ур чадварт суурилж цалин олгох уу, ажлын байрны нөхцөлд тохируулах уу гэдэг төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тиймээс энэ онд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин, хөлсний талаар судалгаа явуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарах болно” гэлээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөлгөөнд Хөдөлмөрийн яамны харьяа газрууд, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлстийн дарга, МСҮТ, Политехник коллежийн захирлууд, Хөдөлмөрийн яам, харъяа төвүүдийн удирдлагууд оролцож, 2016 онд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх юм.