Буриад улсын ҮЭ-тэй хамтарна
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотноо арван хоёрдугаар сарын 16-аас 19-нд айлчилж, хоёр орны ҮЭ-үүдийн хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцсон ба Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
Буриад улсын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Колмаков Д.М “Бидэнд олон жилийн хамтын ажиллагааны туршлага бий. Өнгөрсөн жил Зохист хөдөлмөрийн асуудлаар Олон улсын бага хурал 7 дугаар сарын 23-нд Байгаль далайд зохион байгуулсан. Буриад, Монголын ҮЭ-үүд Үндэсний хэмжээнд хамтраад зогсохгүй болон салбар, орон нутаг зэрэг шат шатандаа хамтран ажиллах болсон нь таатай байна” гэлээ.
Хамтын ажиллагааны гэрээний дагуу хоёр улсын Үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд нийгэм эдийн засгийн эрхээ хамгаалахад нь үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, эрх зүйн болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх, үйл ажиллагааны мэдээллээ харилцан солилцож байх, үйлдвэрчний гишүүдийг сургах, соёл урлаг болон хүмүүнлэгийн салбарт холбоо тогтоох, амралт сувиллаар үйлчлүүлэхэд хөнгөлөх зэргээр хамтран ажиллахаар болжээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хоёр улс маань олон жилийн найрамдалт харилцаатай. Халхын голд мөр зэрэгцэн тулалдаж байсан түүх бий. Монгол, Буриад улсын ҮЭ-үүд хамтрах болсон нь бидний харилцаа улам өндөр хэмжээнд хүрснийг илтгэж байгаа юм. Хамтын ажиллагаа маань тогтвортой, байнгын ажиллагаатай байна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.