Хөдөлмөрийн хуульд ажилчдад халгаатай олон заалт байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.12.18

Хөдөлмөрийн хуульд ажилчдад халгаатай олон заалт байна

Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 15-нд өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажилтан, албан хаагчдад халгаатай хэд хэдэн заалт орсон гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар шүүмжилж байгаа юм. Түүнээс уг хуулийн төслийн талаар тодрууллаа. 

-Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд ямар ямар шүүмжлэлтэй заалт орсон юм бэ?
-Хөдөлмөрийн тухай хууль анх маш болхи, дутуу дулимаг орж ирсэн. Бие даагчдын зөвлөлөөс үүнд нийт 27 зүйл заалттай санал өгснөөс 80 хувийг нь төсөлд оруулсан. Үүнд талархаж байгаа. Тухайлбал ажилчныг ажлаас халлаа гээд маргахад Хөдөлмөрийн маргаан зохицуулах шуурхай хороогоор орж ажилчин өөрийгөө өмгөөлөх боломжтой болно гэх мэт ашигтай заалт оруулсан. Гэхдээ л үлдсэн 20 хувьд нь хамгийн чухал хэдхэн заалтыг оруулаагүй байна. 

Манай улсад үйлдвэрлэл, хөдөлмөрийн ардчилал алга байна. Өөрөөр хэлбэл компанийн олсон орлогоос ажилчин хүн шударгаар хүртдэг байх тэр зохицуулалт өнөөг хүртэл алга. Тэгээд зогсохгүй шинэ Хөдөлмөрийн хуульд гэрээ болон хэлэлцээрийн зүйл заалтуудыг маш бууруулж, төр ажилчин хүнийг хамгаалдаг тэр зохицуулалтаасаа татгалзаж байна. Ажилчин, ажил олгогчийн харилцаанд төр оролцохоо болих гэж байна. 

-Тодруулбал? 
-Хоёр том заалтыг огт тусгалгүй орхигдуулсан байгаа. Ажилчин хүнийг ажил олгогчоос шагнана гэвэл төр оролцдоггүй. Харин ажилчныг шийтгэж, ажлаас хална гэвэл төрийн зүгээс зохицуулалт хийж, хамгаалдаг. Тухайн асуудлыг сануулсан эсэх, хөдөлмөрийн гэрээнд энэ үндэслэлээр ажлаас халах талаар тусгасан эсэхийг лавлах зэргээр төрөөс оролцдог. Гэтэл шинэ хуулиар төр энэ асуудалд оролцохгүй болж зүйлчлэх гэж байна. Үндсэн хуульд “нийт ард иргэд, хөдөлмөр эрхлэгчдийн сайн сайхны төлөө төрөөс эдийн засгийг зохицуулна” гэж заасан байгаа. Гэтэл үүнийг зөрчсөн зарим зүйл заалт шинэ хуульд орсон. 

-Ажилчин шалтгаангүй ажлаас халагдсан тохиолдолд хуулиа барин маргаан үүсгэх эрхтэй байсан. Энэ зохицуулалт байхгүй болох нь уу? 
-Тийм. Яагаад гэвэл салбарын хэлэлцээрт төр оролцохгүйгээр ажил олгогч, ажилчин оролцоно гэж заасан байгаа. Тодруулбал төр, ажил олгогч, ажилчин гурав хамтарсан хэлэлцээр хийж, ажилчдад шаардлагатай зүйлсийг ярилцаж шийдэлд хүрдэг байсан. Гэтэл энэ хэлэлцээрт төр орохоо больж байна гэсэн үг. Энэ нь ажилчдыг ажил олгогчдын 100 хувийн мэдэлд өгч байгаа хэрэг. Ингэснээр ажил олгогч хэзээ дуртай үедээ ажилчнаа халсан ч төр оролцохгүй, хуулиар хамгаалагдахгүй болж мэднэ. 

-Гэрээ болон хэлэлцээрийн зүйл заалтуудыг бууруулах гэж байна гэснээ тайлбарлаач?
-Одоогийн хуулиар компани ашиг орлогоо хэрхэн хуваах талаар ажилчдын төлөөлөлтэйгөө хэлэлцээрт орж шийддэг. Тухайлбал “Компани сард 10 сая төгрөгийн ашигтай ажилладаг. Үүнийхээ 7 сая төгрөгийг ажилчиддаа өгөөд үлдсэн гурван сая төгрөгийг компанид үлдээе” гэх мэтээр хэлэлцээр хийдэг.  Энэ хэлэлцээрийг одоо шинэ хуулиар байхгүй болгож байгаа нь маш ноцтой алдаа. Үүний цаад санаа нь уул уурхайн үндэстэн дамнасан корпорациудын захиалга гэж харж байна. Одоо мөрдөж байгаа хуулиар төр томоохон корпорациудаас монгол ажилчдыг хүндэл, хэлэлцээр хий, олж байгаа орлогоо нээлттэй байлга, орлогоо хуваалц гэх мэтийг шаарддаг. Харин энэ зохицуулалт байхгүй болбол тэр корпорациуд “Манай нөхцлийг хүлээж ав, авахгүй бол гаднаас ажилчид оруулж ирлээ” гэж тулгаж болно гэсэн үг. 

-Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн эрх хэмжээг хүчгүйдүүлж байна гэсэн үг үү?
-Онолын хувиар бол үйлдвэрчин гэдэг зүйл сөнөнө гэсэн үг. Ажилчин хүн ажил олгогчтойгоо шууд хэлэлцээр хийх боломж бараг байдаггүй. Харин ажилчдын төлөөлөл, үйлдвэрчний эвлэл гэвэл эрх нь арай нэмэгддэг. Байгууллага дээрх үйлдвэрчний эвлэл бас л ажил олгогчдын хараат байх магадлалтай. Тиймээс салбарын үйлдвэрчний эвлэл тэр салбарын нийт ажилчдаа төлөөлж, төр болон ажил олгогчтой хэлэлцээрт ордог. Гэтэл төрийн дэмжлэг, хуулийн зохицуулалт байхгүй болбол ажил олгогч ажилчиндаа дуртай нөхцлөө тулгадаг, цалин хөлсийг нь өөрсдийн дураар өөрчилдөг, хэрэв түүнийг нь зөвшөөрөхгүй бол хэнийг ч хэзээ ч халчихаж болдог болох гээд байна.   

-Амралтын хоногийг ч ажил олгогч үзэмжээрээ шийддэг байхаар тусгасан гэх мэдээлэл байна. Энэ талаар?
-Цалингийн тарифыг дээр дурдсан гурван талт хэлэлцээрээр ярьж, тэр салбарын ажилчин дунджаар тийм цалинтай байна гэх мэтээр ярилцаж тохирдог. Гэтэл энэ хэлэлцээрт төр оролцохгүйгээр ажил олгогч, ажилчин хоёр хийхээр үлдээнэ гэдэг нь “чонын аманд хонь өгөх”-өөс ялгаагүй болно. Дээр дурдсан тарифын хэлэлцээрт ажилчдын амралт ордог. Тиймээс ажилчныг амралтгүй ажиллуулах уу, эсвэл нэг хоног амраах уу, илүү цагаар ажиллуулаад ямар ч нэмэгдэл цалин хөлс бодогдохгүй байх уу зэргийг ажил олгогч нь өөрөө шийддэг болно.

Одоо бол төр тухайн ажилчныг тэдэн жил ажиллуулаад тэд хоног амраа, тийм цалин өг гэх мэтээр тулгадаг.
Үүгээр зогсохгүй ажил олгогч, ажилчны хийх хэлэлцээрт юун тухай ярилцахыг ч өөрсдөө сонго гээд үлдээх нь. Энэ бол хамгийн харалган зохицуулалт. Өөрөөр хэлбэл энэ хэлэлцээрээр цалингийн асуудлыг ярь, нийгмийн халамжийг ярь гэж төр зааж өгдөг ёстой байхад одоо бол өдөрт 500 гр сүү уулгах тухайгаа яриад бусдыг нь орхиж болохоор хуульчлах гэж байна. Энэ бүхний эцэст, ажилчдыг ажил олгогчийн мэдэлд шууд өгснөөр цалин буурна, ядуурал нэмэгдэнэ, нийгэм доройтно. Төрд ч эргээд бухимдана. Төр өөртөө ч, иргэддээ ч халгаатай энэ ажлыг үндэстэн дамнасан компаниудын халаасанд орсон УИХ-ын гишүүд хийх гэж байна. Тиймээс жирийн ажилчин хүний эрх ашгийг дээдлэх бүх зохицуулалтыг оруулахын төлөө УИХ дээр бие даагчид байр сууриа тууштай илэрхийлнэ. 

-Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийн талаар бие даагчдын зөвлөл эсрэг байр суурь илэрхийлж байгаа. Энэ заалт иргэдэд ямар хохиролтой юм бэ? 
-Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өнгөрөгч долдугаар сард нэг айхтар аюултай заалт оруулсныг бие даагчид бид эсэргүүцээд дийлээгүй. Харин Үндсэн хуулийн цэц дээр энэ асуудлыг дахин гаргаж ирж, заалтыг түдгэлзүүлээд байна. Энэ хуулийн цаад мөн чанар, үзэл санаа нь ерөөсөө иргэдийн газрыг үл маргах журмаар банк, мөнгө хүүлэгчид шууд хурааж авдаг байна гэсэн үг. Ямар ч шүүхийн шийдвэргүйгээр, зөвхөн нотариатаар гэрчлүүлсэн гарын үсэг нь байхад л тэр хүний газрыг хураагаад авах боломжтой. Зээлийн хүүгээ хэтрүүлсний төлөө хүний өмчийг дээрэмдэж болно гэсэн үг. Ихэнх компаниуд гадаад эзэнтэй болсон энэ цаг үед газраа хураалгана гэдэг нь улсын аюулгүй байдал ч сөрөг нөлөөлж мэднэ. Тиймээс л энэ хуулийн заалтыг хүчингүй болгох ёстой гэж үзэж байгаа.