Цалингийн санг 10 хувиар бууруулах ажлын хэрэгжилтэд хяналт тавина
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай дараах асуудлаар ярилцлаа.
-Ирэх оны төсвөөр төсөвт байгууллагын цалингийн санг 10 хувиар буурууллаа. Энэ шийдвэр жирийн ажилтнууд цомхотголд өртөх вий гэсэн болгоомжлол үүсээд байна. Цалингийн санг бууруулсан нь хэр оновчтой шийдэл вэ ?
- Өнөөдрийн цалингийн сангийн хуримтлал цалин хөлс олгоход хүрэлцэхгүй байгаа. Гэхдээ цалингийн санг бууруулах бодит шаардлага байсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Энэ бол эдийн засгийн хүндрэлийг давах гэсэн Засгийн газрын нэг оролдлого байх. Нөгөө талаасаа Засгийн газар төрийн албан хаагчдын ажил олгогч гэдэг үүднээс ийм шийдвэр гаргасан гэж дүгнэж байна.
МҮЭХ-ны зүгээс төрийн албан хаагчдын цалингийн санг 10 хувиар хасч баталснаас болж ажиллагсдын өмнө нь авч байсан цалинд хохиролгүй байх ёстой гэсэн баталгааг шаардаж байгаа.Төсөвт байгууллагад заавал цалингийн сангаа хасахгүйгээр урсгал зардлаа бууруулж, ажлын байр болон цалингийн хэмжээгээ хадгалах эрхийг олгоно гэсэн албан ёсны тайлбар манайд ирүүлсэн.
-Хэдийгээр дээрээс ажлын байр болон цалингийн хэмжээг хадгалах чиглэл өгсөн ч ажил олгогчид эцсийн шийдвэр гаргана. Энд хүмүүс хохирохгүй гэх баталгаа байхгүй. Энэ тухайд?
- Яг үнэн. Бодит байдал дээр ажилтнаа цөөрүүлэх замаар цомхотгол хийх, дээрээс өгсөн чиглэлийг буруу, зөрүү ашиглах ажил олгогчид, төсөв захиран зарцуулагчид гарч ирнэ. Үүнд МҮЭХ хатуу хяналттай ажиллана. Үнэн хэрэгтээ цалингийн санг зөв зарцуулбал зарим ажилтны цалинг нэмэх боломж бий. Яагаад гэвэл зарим газрын цалингийн сан жилийн эцэст хэмнэлттэй гардаг шүү дээ. Энд ажил олгогчийн зүгээс зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
- Манай улс Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгуулдаг ч үр өгөөж нь хөрсөнд тэр бүр буудаггүй. Ингэхэд энэ хэлэлцээртэй холбоотой МҮЭХ-ноос гаргасан хамтын маргаан юу болсон бэ?
-МҮЭХ төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр 2015-2016 оны Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр хийгээд хэрэгжээгүй учир өнгөрсөн 10 дугаар сарын 14-нөөс хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлсэн. Энэ хугацаанд Засгийн газар нэмэлт өөрчлөлт оруулаад хэлэлцээ хийгээд асуудлаа шийдье гэсэн хариу ирүүлээд богино хугацаанд эхний тохиролцоог хийсэн. Хэлэлцээртэй холбоотой шийдвэрийг УИХ-ын тогтоолоор баталгаажуулснаар албан ёсны мэдээллийг хүргэнэ.
- Цалингийн нэмэгдэлд төсөвлөсөн 90 тэрбум төгрөгийг ирэх онд олгохоор болсон юм биш үү ?
- 2015 оныхоо цалингийн нэмэгдлийг ирэх 2016 онд авна. 90 тэрбум төгрөгийг эхний төсвийн тодотголоор авахаар тохиролцсон. Энэ тохиролцоог УИХ-ын төсөв дагасан тогтоолоор баталгаажуулна. Энэ тогтоол гарахгүй бол хөдөлмөрийн хамтын маргаан үргэлжлээд явна гэсэн үг.
-Эдийн засгийн хүндрэлээс болж хаалгаа барьж буй байгууллага хэр нэмэгдэж байна. Энэ талын судалгаа МҮЭХ-нд бий юу?
- “Алтай хүдэр”, “Болд төмөр”, “Ерөө гол”, “Энержи ресурс” гээд нүүрсний чиглэлийн компаниудын үйл ажиллагаа хүндэрсэн. Уул уурхайн компаниудтай хамтарч ажилладаг дагуул аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж санхүүжилт нь хумигдаж байна. Ажлын байр багасаж, цалингаа хэдэн сараар авч чадахгүй ажилтнуудын тоо нэмэгдсээр байгаа. Тиймээс энэ хүнд үеийг салбарын яамд, хувийн хэвшил, ажил олгогчид, ажилтнууд нягт ажиллаж байж хямралыг сөрнө.Түүнээс бус хэдэн тийшээ харж суугаад асуудлыг шийдэхгүй. Өнөөдөр засаглал улс төрийн нөхцөл байдал тийм ч сайн биш байна. Сонгуулийн уур амьсгал орчихлоо. Энэ үед эдийн засаг, хүмүүсийн амьдрал улам хүндэрдэг.Тиймээс нөхцөл байдлыг сайжруулах гарц Монгол Улсад хэрэгтэй байна.
Өнөөдөр УИХ-ын түвшинд олон асуудал шийдэгдэж байгаа. Засгийн газар муу ажиллаж буй асуудал ч эргээд УИХ-тай холбоотой. Олон хууль тогтоомж хэрэгжихгүй байна гэдэг бол УИХ-ын хяналт муу л байна гэсэн үг. Улсын төсөв сайн, муу болов уу гэдэг нь УИХ-ын хариуцлагын асуудал. Бүх зүйл боогдоод батлагдаж байгаа дээд хэмжээний субьект УИХ.
Харамсалтай нь 76 гишүүн төсвөө өөрсдөө баталчихаад гарч ирээд иргэдийн цалин нэмэх ёстой гэж ярьдаг. Үүнийг УИХ-ын танхимд кнопоо дарахаасаа өмнө ярилцаж иргэдээ бодсон шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш ард түмэнд таалагдах гэж оноо авахын төлөө байж болохгүй.
-"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Уг асуудалд МҮЭХ-ноос чимээгүй байна хэмээн шүүмжилж байсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дэргэд хоёр үйлдвэрчний эвлэл ажилладаг. Нэг нь “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл нөгөө нь МҮЭХ-ны гишүүн байгууллага болох Эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэл юм. Үүнийг мэдэхгүй учраас МҮЭХ хүнд байдал үүсээд байхад чимээгүй байна гэсэн ташаа мэдээлэл тархсан. МҮЭХ-ны эрхийн тухай хуулиар бие, биенийхээ үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож дүгнэлт хийх ёсгүй. Өөрөөр хэлбэл тэмцлийн үйл ажиллагааг сааруулах, сайн дураараа очиж зохицуулагч болж өмнөөс нь гүйх боломжгүй гэсэн үг.
Тухайн үед дээрх компанийн ажилчдын өмнө тулгамдсан бэрхшээлтэй асуудал, ажлын байрны баталгааг хангуулах, хамтын гэрээ байгуулж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах чиглэлээр “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн зүгээс МҮЭХ-нд хандаагүй . Харин дараа нь “Эрдэнэс таван толгой” компанийн дэргэдэх “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн тэргүүлэгчид бидэнтэй уулзаж үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа авах, эв санааны нэгдлийн дэмжлэг үзүүлэх албан ёсны хүсэлт тавьсан.МҮЭХ-ноос дээрх чиглэлээр эрх зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Манай байгууллагаас энэ асуудалтай холбоотой Уул уурхайн яам болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-д мэдэгдэл хүргүүлсэн.
-С.Эрдэнийн шатсан үйлдлийг та юу гэж дүгнэж байна?
-Энэ хүний үйлдлийг аргагүй эрхэнд хийсэн үйлдэл гэж үзэж байна. Туйлд нь хүргэж байж тэмцлийн хурц хэлбэрт оруулж байж асуудлыг шийддэг үзэгдэл нийгэмд бий болсны нэг дүр зураг юм. Цаг хугацаа алдаж асуудалд хандсаны үр дүн ийм хүнд тэмцлийн хэлбэрийг сонгоход хүргэж бухимдлыг дээд цэгт хүргэсэн гэж дүгнэхээр байгаа.