Хөдөлмөрийн сайд шинээр ажлын байр бий болгоход анхаарч ажиллахыг уриалав
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл өгөх, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлж, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ.
Семинарын үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, хөдөлмөрийн салбарт дэвшүүлсэн зорилт, орон нутгийн гүйцэтгэх үүрэг, цаашид анхаарч ажиллах шаардлагатай асуудлуудын талаар талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ манай орны хөгжлийн аль ч үед Засгийн газраас хөдөлмөрт суурилсан хөгжлийн бодлого, үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах нь өнөөдрийн тулгамдсан асуудал болсоор байгааг дурдаад “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөрийн яам томоохон зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээнд 150.000 ажлын байр шинээр бий болгох зорилт тавин ажиллаж байна” хэмээн салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар ярилаа.
Хөдөлмөрийн салбарын суурь хууль тогтоомжийг шинэчлэх чиглэлээр ажиллаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Гадаадаас ажиллах хүч авах гаргах тухай, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, өргөн мэдүүлэхэд бэлтгэж байгаагаа дуулгав. Мөн хөдөлмөр эрхлэлтийг салбар дундын бодлогоор дэмжиж ажлын байрыг бий болгохдоо улс орны эдийн засгийн өсөлт бууралт, шинээр бий болох эрэлт хэрэгцээтэй ажлаа уялдуулах шаардлага бий болж байгааг онцлоод ГХЯ-тай ACEM-ын зочид төлөөлөгчдөд зориулсан байр, зочид буудалд ажиллах үйлчилгээний ажилтнуудыг бэлтгэх, сургалтыг зохион байгуулж, БОНХЯ-тай ойн нөхөрлөл болон мэргэжлийн байгууллагын гишүүдэд мэргэжил олгох ойн мэргэшсэн ажилтныг МСҮТ-үүдэд бэлтгэх, “ Оюутолгой” ХХК, Германы ОУХАН-тэй хамтран Дорнод, Дархан-уул, Өмнөговь аймаг дахь Политехник коллежуудад сонгосон мэргэжлийн хүрээнд “Чадамжийн төв” болгон хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаагаа аймаг, нийслэлийн удирдлагуудад танилцуулсан.
Түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан 2015 онд хамтран ажиллах гэрээний үр дүнг хангалттай, ялангуяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгоход санаачлагатай сайн ажилласан, харин мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг хэрэгжүүлэхэд зарим нэг асуудлыг анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн юм. Хөдөлмөрийн яамнаас 2015 онд зорилтот бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 5 хөтөлбөр, төслийн арга хэмжээнд 2015 оны 11 дүгээр сарын байдлаар 54.6 мянган иргэн хамрагдаж, 21.7 тэрбум төгрөг зарцуулж, 36.1 мянган ажлын байр бий болсныг сайд мэдээлэлдээ дурдлаа.
Мөн 2016 онд “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Мэргэжилтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Эзэнтэй Монгол хөтөлбөр”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл” зэрэг 7 хөтөлбөр, 1 төсөл болгон өргөтгөж хэрэгжүүлэх гэж буйгаа ч дуулгав.
Г.Баярсайхан сайд “Манай яамнаас 2015 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн батлуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан, ХАБЭА-н хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг орон нутагт болон аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэгжүүлж, зохион байгуулах, хяналт тавих, түүнчлэн мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа, нийгмийн түншлэлийг орон нутгийн түвшинд идэвхижүүлэх чиглэлээр 2016 онд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн 2016 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт орон нутагтаа ажлын байрыг хадгалах, шинээр ажлын байр бий болгоход анхаарч ажиллахыг уриалж байна” хэмээгээд “Зохистой хөдөлмөрийн төлөө” хамтын ажиллагаа ирэх онуудад улам өргөжин тэлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.