Бодлого тодорхойлох, шийдвэр гаргахад тооцоо, судалгаа зайлшгүй шаардлагатай
Хөдөлмөрийн харилцааны судалгаа, шинжилгээний тайлан танилцуулах арга хэмжээ “Туушин” зочид буудалд боллоо. Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв энэ онд цалин хөлс, хөдөлмөрийн маргаан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэн орох боломж зэрэг хөдөлмөрийн харилцааны асуудлаар хийсэн судалгааны ажлуудын үр дүнг танилцуулах уг уулзалтад Хөдөлмөрийн яам, холбогдох бусад төрийн болон нийгмийн түншлэгч байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан танилцуулгыг нээж хэлсэн үгэндээ ОУХБ-ын үндэсний хөдөлмөр эрхлэлтийн зааварчилгаа, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн харилцааны төлөв байдлыг судалж, шаардлагатай судалгаа, шинжилгээний үр дүнг хэрэглэгчдэд нийлүүлэх нь хөдөлмөрийн салбарын томоохон зорилгын нэг гэдгийг онцлоод “Бид нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, хөдөлмөрийн харилцааны чиглэлээрх олон улсын хэм хэмжээ, чиг хандлага, зөвлөмжид нийцүүлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулахаар ажиллаж байна. Хөдөлмөрийн болон бусад салбарын бодлого тодорхойлох, уялдаа холбоог сайжруулах, шийдвэр гаргахад бодитой тооцоо, судалгаа шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдаг” хэмээсэн.
Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар Хөдөлмөрийн судалгааны институт байхаас эхлэн салбарын хэмжээний хэд хэдэн судалгаа, шинжилгээний ажил хийсний дотор Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, Барометрийн судалгаа, Цалин хөлсний бүтцийн судалгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн судалгаа, Нүүрсний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын судалгаа, Хэргэлэгчдийн үнэлгээний судалгаа, Хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн төлөв байдлын зэрэг томоохон судалгаануудыг хийж Хөдөлмөрийн яам болон бусад хэрэглэгчдэд хүргэснийг Г.Баярсайхан сайд дурдлаа.
Мөн тэрбээр “Урт дунд хугацааны хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн таамаглал, мэргэжлийн боловсролын сургалт, хөдөлмөрийн норм, норматив тогтоох аргачлал, хөдөлмөр эрхлэлт дэх бүтээмжийн нөлөөллийг судлан шинжлэх зэрэг хөдөлмөрийн салбарын чухал ажлуудыг энд дурдах нь зүйтэй” гээд “Энэ удаагийн арга хэмжээ нь судалгаа шинжилгээний ажлын тайланг хэлэлцэх, санал шүүмж өрнүүлэх, олон нийтэд мэдээлэл өгөхөд чиглэсэн томоохон арга хэмжээ болж байгаа бөгөөд цаашид хийгдсэн судалгааны ажлуудын үр дүнг ч энэ жишгээр танилцуулж, судалгааны тайлан, үр дүнг шаардлагатай үед бус өдөр тутмын бодлого, үйл ажиллагаандаа ашиглаж байх нь чухал юм” гэлээ.
Энэ удаагийн судалгааны ажлууд нь хөдөлмөрийн харилцааны асуудлыг хөндөж буйгаараа өмнөхөөс онцлогтойг судлаачид онцолсон. Тухайлбал, Цалин хөлсний бүтцийн судалгаагаар цалин хөлсний талаарх мэдээллийг шинэчлэн дэлгэрэнгүй гаргах, цалингийн статистикийг боловсронгуй болгох, ажиллагчдын цалин, орлого, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал зэргийг нарийвчлан судалж, холбогдох үзүүлэлтүүдтэй уялдуулан дүгнэлт гаргах, бодлого боловсруулагчид болон аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор гүйцэтгэсэн байна. Харин Хөдөлмөрийн маргааны шинжилгээгээр Монгол Улсын хэмжээнд 2010-2014 онд захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэсэн хөдөлмөрийн маргаан ы тоон мэдээллийг судалж, маргаан үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодруулжээ.