“Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр
2016.01.14

“Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт өчигдрөөс албан ёсоор эхэлж байна.

Сургалтын нээлтийг өнөөдөр Налайх дахь МСҮТ-д хийж, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон албаны бусад хүмүүс, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт шаардлагатай ажиллах хүчнийг бэлтгэх сургалтад хамрагдаж буй Ахлагч бэлтгэх төвийн сонсогчид, МСҮТ-ийн сурагч, багш нар оролцлоо. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ”Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах” зорилтыг тусгасан.

Энэ дагуу 2013 онд “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулахдаа тэднийг шаардлагатай мэргэжлээр сургаж, дадлагажуулах үүргийг Хөдөлмөрийн яам хүлээсэн. 

Г.Баярсайхан сайд энх цагийн бүтээн байгуулалтын томоохон ажил “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд цэргийн албан хаагчдыг хэрэгцээт мэргэжлээр мэргэжил эзэмшүүлэхэд Хөдөлмөрийн яам болон түүний харьяа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд бэлэн байгааг дурдаад “Монгол Улс хөгжлийн онцгой цаг үедээ явж байна. Энэ үед бидэнд мэргэжлийн боловсролтой залуус улс эх орон, бүс нутгийн хэмжээний бүтээн байгуулалтад чухал хэрэгцээтэй байна. Бид цэргийн албан хаагчдад мэргэжил эзэмшүүлэхэд шаардлагатай сургалтын, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах, сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн багш нарыг бэлтгэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

/ТВ5/

Энэ удаагийн сургалтаар “Тавантолгой-Сайншандын чиглэлийн төмөр замыг барихад нэн шаардлагатай хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, бетон арматурчин, жолооч, мэргэшсэн жолооч гэсэн таван мэргэжлээр 2601 хүнийг бэлтгэхээр Батлан хамгаалах яамтай тохирсон. Сургалтыг нэг удаагийнхаар хязгаарлахгүй бөгөөд цаашид үе шаттайгаар сурч боловсрох боломж нээлттэй байх болно” хэмээгээд цэргийн алба хаагч, сонсогчид нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох чин сэтгэлтэй, хөдөлмөрийн болон харилцааны өндөр соёлтой, шударга, зөв төлөвшилтэй, хүнд хүчир ажлыг нугалаад гарах сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй байж сонгосон мэргэжлээ бүрэн дүүрэн эзэмшиж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон монгол цэрэг улс эх орныхоо бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож ирсэн түүхтэйг дурдаад “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчид улс эх орны хөгжлийн бүтээн байгуулалтад гар бие оролцох, алба хааж байх хугацаандаа иргэний болон цэргийн үүргээ биелүүлэхийн хамт улс оронд шаардлагатай мэргэжлийг давхар эзэмших боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой хэмээгээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ. “Монголын төмөр зам” ХХК-иас Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай найман мэргэжлээр 3362 хүний захиалга ирүүлсэн байна.

Үүнээс техникчийн түвшний 216 мэргэжилтэй ажилтны захиалгыг төгсөгчдөөс шийдвэрлэх, 545 туслах ажилтныг мэргэшүүлэх шаардлагагүй гэж захиалагч тал үзсэн тул үлдэх 2601 цэргийн алба хаагчийг таван мэргэжлээр сургаж мэргэшүүлэхээр болсны дагуу Налайхын МСҮТ-д Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн 110, Батлан хамгаалахын их сургуульд 240 албан хаагчийг сургалтад хамруулж эхлээд байна. Хөдөлмөрийн яам сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж батлуулсан төдийгүй энэхүү сургалттай холбоотой “Цэргийн алба хаагчдын мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах журам”-ыг Батлан хамгаалах яамтай хамтран боловсруулжээ. Мөн мэргэжлийн боловсрол сургалтын аль байгууллага ямар мэргэжлээр хэчнээн цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэхийг заасан “Мэргэжлийн чиглэл, элсэлтийн хяналтын тоо батлах тухай”, “Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” тушаалуудыг Хөдөлмөрийн сайд гаргаад байгааг холбогдох албаныхан дуулгасан.

Сурал­­­­­­цагчдад зайлш­­­гүй шаар­­­длагатай сургалт, үйлдвэр­­лэлийн дадлагыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгуул­­­лагууд дээр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. “Монгол цэрэг бүтээн байгуулал­­тад” хөтөл­­­бөрт хамрагдах цэргийн албан хаагчдад мэргэжил эзэмшүүлэх сургалтын нээлт болсон Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 1954 онд байгуулагдсан манай мэргэжлийн боловсролын ууган сургуулийн нэг. Тус сургууль барилгаас гадна эрчим хүч, уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг. Энэ хичээлийн жилд 16 мэргэжлээр 800 гаруй залуусыг сургаж буй аж. Төгсөгчдийн 75 хувь нь тогтмол ажлын байртай болдог нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт юм байна.