МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эргэн ирсэн минь номын нээлт боллоо
2023.12.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Эргэн ирсэн минь номын нээлт боллоо

Унаж, босож, уруудаж, өгсөж, өвчин зовлон, саад бэрхшээл дундуур туучсаар, шинэ оны босгыг давах гэж байна. Хувьтай хүн хойтон жилийн наадмыг үзнэ гэдэг шиг ирэх ондоо энх тунх, эрч хүчээр цалгилан орж буй хэн бүрт сайныг ерөөн, өнгөрүүлсэн амьдралын сургамж, үнэн түүхээ “Эргэн ирсэн минь” номдоо дэлгэн тавилаа.

Хүүхэд ахуй наснаас минь өнөөг хүртэл Н.Учралыг бүтээсэн нандин мөчүүдээ энэ номдоо буулгалаа. Нэгдүгээр бүлэгт хайртай гэр бүл, халамжит хань, хэнхэг оюутан хэрхэн Темон болсон, эрдмийн өргөөгөө нээсэн үе, ялагдлын эхлэл нь ямар ялалт байв, улс төрд хэрхэн хөл тавьсан, үхэл амьдралын зааг дээрх хагас жилд юу тохиолдов, намайг босгосон эмч нар гээд хүн бүрийн мэдээд байдаггүй нандин цаг үе, дурсамж, бодол сэтгэлээ дэлгэсэн. Хоёрдугаар бүлэгт Н.Учрал гэдэг хүн өнөөдөр юу хийгээд, юуг зориод, ямар үр дүнд хүрэх гээд байна? юуны төлөө ямар ажлууд санаачлаад буйгаа бичлээ.

Би оршин буйдаа сэтгэл хангалуун ч хойч үедээ бахархам өв үлдээх үүрэгтэй ирснээ үргэлж санадаг. Сэтгэлд оч бадрааж, өнөөдрийг бэлэглэсэн түмэн олондоо би сэтгэлийн их өртэй. Гайхамшигт амьдралдаа гайхамшиг бүтээхээр би шинээр төрсөн, би эргэж ирсэн.

ШИНЭ МЭДЭЭ