2023.06.29
Н.Учрал: Хувийн нэмэлт тэтгэврийн санг бий болгосноор иргэд орлогоо нэмэгдүүлэх, хуримтлалтай болох боломж бий болно
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
2017 онд Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулаад тухайн үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаяр энэ хуулийг өргөн барьсан. Дараа нь тэтгэврийн шинэчлэлийг хийх ажлын хэсэг байгуулаад тухайн үед Л.Мөнхбаатар гишүүн бидний хамт өргөн мэдүүлсэн хувийн нэмэлт тэтгэврийн хууль дээр Азийн хөгжлийн банкны саналуудыг тусгаад бидний 5 гишүүн өргөн барьсан.
Ингээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувийн тэтгэврийн хууль гээд эдгээрийн хуулийн төслүүдийг нэгтгээд бид хэлэлцэж байна. Ажилтан, ажил олгогч хоёрын 17 хувиас нь 2 хувийг нь албан журмаар төлөх зохицуулалт өнөөдрийн хэлэлцэж буй хуульд байхгүй. Өнөөдрийн хууль бол сайн дураараа хувийн нэмэлт тэтгэврийн санд тодорхой хуримтлал үүсгэх бололцоог иргэдэдээ нээж өгч байгаа юм.
2020 оны улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болно гэдэг зорилтыг дэвшүүлсэн. Өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу шилжинэ гэдгийг дэвшүүлсэн. Одоо хувийн тэтгэврийн санг зохицуулсан ямар нэг эрх зүйн зохицуулалт байхгүй хэдий ч арилжааны банкууд дэргэдээ төрийн бус байгууллагын нэр, статусаар тэтгэврийн сангийн үйл ажиллагааг явуулж байдаг.
Өнөөдөр иргэд Голомт, Ардаас эхнээсээ тэтгэвэрт гараад эхэлчихсэн. Гэтэл бид хууль эрх зүйн зохицуулалтыг хийхгүй, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүйгээр яваад байна. Хэрвээ тэтгэврийн сан эрсдэлд орвол хэн хариуцлага хүлээх вэ гэхээр төрийн бус байгууллагын статусаар яваад байгаа. Д.Өнөрболор гишүүн албан журмаар гэж ойлгоод байна. Үүнийг ажлын хэсэг олон жил ажиллаад ярьсан учраас сүүлдээ ярианаасаа уйдах юм болж байна.
Энэ удаагийн тэтгэврийн шинэчлэл алхам урагшилж байна. Ядаж хагас хуримтлал, олон давхаргат руу. Тэтгэврийг индексжүүлэх асуудал руу хөндөөд оруулаад ирж байгаа юм. Д.Өнөрболор гишүүн хуулиа эхнээсээ нь уншиж, судлах хэрэгтэй.
ШИНЭ МЭДЭЭ
Эргэн ирсэн минь номын нээлт боллоо
2023.12.30