2023.06.09

Н.Учрал: Харилцаа холбооны салбарын эрчим хүчний тарифыг нэмсэн асуудлыг анхаарах шаардлагатай

УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Эрчим хүчний зохицуулах хорооны хүмүүс энд байна уу? Эрчим хүчний үнийн нэмэгдэлтэй холбоотой асуулт байна. Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг байгууллага уул уурхай олборлох, боловсруулах үйлдвэр, крипто валют банк санхүүгийн салбартайгаа харьцуулж харилцаа, холбоо интернетийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудын эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмэгдүүлчихсэн. Харилцаа холбооны салбарыг уул уурхайн салбартайгаа адилтгаж үзэж болох юм уу?

Эдийн засгийн бүтэц 93% байгаа мөртлөө зөвшөөрөл аваад байгаа уул уурхайн компаниуд чинь баялагаа тэгш хуваарилаагүйтэй холбоотой шүү дээ. Гэтэл харилцаа холбооны салбар төрийн нэг ч дэмжлэг байхгүйгээр олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд очсон Монголын цорын ганц салбар. Олон сангуудын асуудал яригдахад бүх нийтийн үүргийн санг харсан чинь хувийн компаниуд өөрсдөө 48 тэрбум төгрөгийг ашгийн дараах 3 хувиараа бүрдүүлээд, 150 төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд 1226 багийг интернет, сүлжээнд холбочихсон байсан шүү дээ.

Ийм том үүргийн хариуцлагыг биелүүлээд байхад уул уурхай, банк салбарын салбартай адилтгаж эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмчихсэн. Төсвийн тодотгол орж ирнэ. Үүний дараа төрийн албан хаагч нарын цалин хөлс нэмэгдэнэ. Ингэснээр хувийн хэвшилд хүнд тусна. Хувийн хэвшил цалингаа нэмэх асуудлаа ярина. Гэтэл үүний цаана эрчим хүчний үнийг нь нэмэгдүүлээд тавьчихсан.  Интернетийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд, үүрэн телефоны оператын компаниуд эрчим хүчний үнэ нэмэгдүүлсэн нь хүнд тусаж байна. Та нар төрийн цалин нэмж байгаа бол бид нар нэмнэ. Ингэхээр бид үйлчилгээний хөлсөө нэмнэ шүү гэж ярьж байгаа юм.

Төрийн цахим шилжилт, интернетийн хүртээмж яриад байгаа атал үнэ төлбөр нь нэмэгдвэл хэрэглэгчдэд маш хүндээр тусна. Уул уурхайн салбар дээрээ нэмсэн. Дагалдуулж харилцаа холбооны салбарын эрчим хүчийг нэмэгдүүлчихсэн байна. Үүнийг анхаараач ээ.

Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ