МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.12
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Ирэх долоо хоногт төрийн өмчийн 120 компанийн ТУЗ-ийн нэрс ил болно

Өнөөдөр “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн зээлдэгчдийн мэдээлэл shilen.gov.mn-д нээлттэй байршлаа. Хуучнаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” буюу нэгтгэн зохион байгуулсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлдэгчээс эхний ээлжинд 6092 компани, иргэн, төрийн байгууллага, ТББ-ын мэдээллийг нээлээ.
Энэ удаад мэдээлэл нь нээлттэй болсон 6092 зээлдэгч 52,4 тэрбумын үлдэгдэлтэй. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг 7 хоногт багтаан ил болгохоор ажиллаж байна.

Өнөөдөр мөн Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой 71 компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрс ил болж байна. Төрийн өмчийн 120 компанийн ТУЗ-ийн нэрс, бүрэлдэхүүний мэдээллийг мөн ирэх 7 хоногт багтаан бүгдийг нээлттэй болгоно.

Тусгай сангаас зээл авах нь, төрийн өмчит компанийн ТУЗ-д сонгогдох нь бүхлээрээ буруу хэрэг биш. Гагцхүү ил тод, нээлттэй байж, иргэний шууд хараа хяналтын дор ажиллаж, хууль хэрэгжүүлэхийг “Шил” ажиллагаа шаардан баримталж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шил” ажиллагаанд хүч нэмж, албан даалгавар гарган ил тод байдлыг хангахыг үүрэг болгосноор төрийн байгууллагуудын мэдээллээ нээх үйл явц эрчимжиж, төхөөрөмжид уншигдах байдлаар бэлтгэж ирүүлсэн мэдээлүүдийг Shilen.gov.mn сайтад нийтэлж байна.

Иргэн нь илүү мэдээлэлтэй бол эрх мэдэлтэй. Хаана нууц байна, тэнд авилга бий. Төрд хэн, хаана, хэзээ, юу хийж байгааг иргэд нь шууд харж хянаж, хулгай хийх боломжийг технологийн шийдлээр хааж хумих нь Шил ажиллагааны үндсэн зорилго, гэрийн даалгавар юм.

ШИНЭ МЭДЭЭ