Н.Учрал: Өргөн цар хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, цахим орчин дахь эрх зүйн орчныг бүрдүүлэх болно
2023.02.01
Улстөр

Н.Учрал: Өргөн цар хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, цахим орчин дахь эрх зүйн орчныг бүрдүүлэх болно

УИХ-ын намрын чуулганы хаалтын өдрийн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан. Уг хуулийг ардчиллын ухралт хэмээн иргэд, судлаачид шүүмжилсээр байгаа юм.

Харин Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд Ерөнхийлөгч хориг тавихаар болсныг нэгдүгээр сарын 27-нд Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдсэн бөгөөд өнөөдөр учир шалтгааныг нь дэлгэрүүлэн тайлбарласан.

Үүнтэй холбогдуулан хууль санаачлагч, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байгааг нь хүндэтгэн хүлээн авч байна. Би хориг тавих үндэслэлийг гар дээр хүлээж аваагүй. ЕТГ-ын мэдээллийг харлаа. Процедурын хувьд алдаа гарсан гэж дүгнэжээ.

Миний бие энэ хуулийг Хууль тогтоомжийн хуулийн дагуу УИХ-аар хэлэлцүүлсэн. Гэхдээ процедурын алдаа гарсан, олон нийтийн байгууллагуудын санал шүүмжийг тусгаагүй, холбогдох эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдүүдийн саналыг тусгах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. 

Цахим залилан 99.8 хувь, цахим орчин дахь гэмт хэрэг 3.8 дахин өссөн бөгөөд жилийн дотор 18 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх тооцоолол бий. Иргэдийн эрх ашиг, хохирогчдыг хамгаалах гэсэн эхний алхам нь энэ хувилбар байсан юм. 

Анх 2016 онд хуулийн төслийн үзэл баримтлалыг батлаад 2017 онд ХЗДХЯ-ны зүгээс цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай агуулгын хүрээнд холбогдох байгууллагаас санал авч байсан юм билээ.

УИХ-ын 10 гаруй гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд үүнтэй холбоотой хууль санаачилсан байсан. Ингээд ЦХХХЯ байгуулагдсанаар энэхүү хуулийн төслийг нэгтгээд холбогдох газруудын саналыг аваад боловсруулж хэлэлцүүлсэн. 

Нэгдүгээр сарын 20-ны өдөр энэхүү хуулийг баталсны дараа УИХ-ын Тамгын газраас ЕТГ-т хүргүүлэх ёстой. Ингээд тооцоолоход хоёрдугаар сарын 1-ний өдөр хэрэгжих бололцоотой гэж үзсэн юм. 

Тэгэхээр УИХ-ын Тамгын газраас ЕТГ-т хүргүүлэхдээ хугацаа алдсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш хууль батлахдаа хууль хэрэгжих хугацаанаас тав хоногийн өмнө хориг тавих боломжийг оруулсан. 

Нийгмийн сүлжээгээр тарааж байгаа ташаа мэдээллээс болж цахим залилан үүсдэг, иргэд хууртагддаг. Хууль хэлэлцэж байх явцад та бүхэн харсан байх. Хан-Уул дүүргийн шүүх дээр 13 настай охины хэрэг яригдлаа. Хуурамч хаягаар санхүү авна гэж бичин иргэдээс мөнгө авдаг шүүх хурал тав хоног хойшилсон гэдэг мэдээлэл авлаа. Тийм учраас цахим орчин дахь гэмт хэргээс хүүхдийг хамгаалах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэж байна. 

Ашиг сонирхол нь зөрчигдөөд байгаа хүмүүс хуулиа бүрэн уншихгүйгээр улс төржүүлсэн үйлдэл гаргасныг харлаа. Хуулийг уншихгүйгээр асуудалд хандаж байгаад нь би санал нийлэхгүй.

Тийм учраас иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай өргөн цар хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, цахим орчин дахь эрх зүйн орчныг бүрдүүлэх болно. Ниргэсэн хойно нь хашхирахгүйн тулд эрсдэлд орж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол эрт арга хэмжээ авч, хохирогчдын хамгаалах нь бидний гол ажил юм.

Хуульд шүүмжлэлтэй хандсан зарим ХМБ, олон нийтийн сүлжээний нөлөө бүхий этгээдүүд асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, ЗГ болон ЦХХХЯ-тай хамтран ажиллахыг уриалж байна" хэмээв. 

ШИНЭ МЭДЭЭ