МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаална
2023.01.19
Хүний эрх

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаална

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулганаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг ЦХХХ-ийн сайд Н.Учрал хариуллаа.

Хуулийн төслийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан юм.

Хуулийн төсөлд тусгасан зарим зохицуулалтыг дурдвал:

- Зөрчилтэй контентод хамаарах мэдээлэлд цахим сүлжээ ашиглан залилсан, хүнийг заналхийлсэн, доромжилсон, гүтгэсэн, эсхүл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга бүхий үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан, хүүхдийн бие махбодь, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан мэдээллийг зөрчилтэй контентод тооцохоор тогтоосон.

- Хүчирхийлэл, садар самуун, хүнийг амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг уриалсан, сурталчилсан, хувь хүн буюу тодорхой бүлгийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан, дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан зэрэг мэдээлэл нь зөрчилтэй контентод хамаарахаар тусгасан.

- Зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүн, хуулийн этгээдээс, зөвлөмж, шаардлагыг хуульд заасан эрх бүхий байгууллагаас Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн олон нийттэй харилцах нэгж нь хүлээн авч, 72 цагийн дотор хянан шийдвэрлэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хүсэлтийг шийдвэрлэж, шийдвэр, зөвлөмж, шаардлагыг ногоон сувгийн үйлчилгээ эрхлэгч болон олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хүргүүлэх, эсхүл харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, хамтран ажиллахаар тусгалаа. Мөн олон нийттэй харилцах нэгж нь зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ лавлагаа, тодорхойлолт, тайлбар гаргуулан авах, шинжээч ажиллуулах, Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг авч болохоор тогтоосон.

- Олон нийттэй харилцах нэгж нь олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, хохирох эрсдэлийг бууруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээдийг соён гэгээрүүлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс үүсэх хор аюулын талаар таниулах ажлыг олон нийтэд тасралтгүй явуулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга барилд сургах чиглэлээр сургалт, сурталчилгаа тогтмол зохион байгуулах, олон нийтийн сүлжээнд өөрийгөө болон бусдыг хамгаалах зан суртахуун, хандлага, чадварыг бий болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах зэрэг нөлөөллийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ

ШИНЭ МЭДЭЭ