Н.Учрал: Тойрог томрох тусам машин, машинаар нь хүмүүс зөөдөг “царцааны нүүдэл” байхгүй болно
2020.02.27
Улстөр

Н.Учрал: Тойрог томрох тусам машин, машинаар нь хүмүүс зөөдөг “царцааны нүүдэл” байхгүй болно

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

“УИХ-ын гишүүд аргаа бараад “СӨХ”-ны даргын ажлыг хийдэг болж байна шүү дээ”
-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар болж байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?:

Миний хувьд анх Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд хэлж байсан. Манай орны хувьд томсгосон тойргийн тогтолцоо илүү ач холбогдолтой юм байна гэдгийг бүрэн дүүрэн ухамсарлаж байгаа. Яагаад гэхээр өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг маш их мэдэрлээ. Ач холбогдолгүй маш их төсөв мөнгийг тавих юм. Улсын төсвийг 76 тойрогт зохион байгуулалтгүйгээр тараан байршуулдаг.

Төсвийн сахилга бат байхгүй. Газар нь байхгүй газарт сургуулийн барилга төлөвлөчихдөг. Очоод барья гэхээр газар нь олддоггүй, газар нь хүрэлцээгүй гээд суучихдаг. Ийм болохоор би өөрөө төсвийн тухай хуулийг санаачилж, батлуулсан.

Төсвийн тухай хуульд норм, норматив, стандартыг баримталж, улсын төсөвт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг тусгуулья гэдэг саналыг оруулсан. Одоо бол заавал зурагтай, төсөвтэй ажлыг улсын төсөвт тавьж байгаа. Бид хоорондоо өрсөлдөхдөө дээврийн засварыг л ярьдаг. “Би тойргийнхоо тэр, тэр байрны дээврийг засаад, лифтийг нь шинэчилсэн” гэх мэт. 76 жижиг тойрогт хуваачхаар яалтчгүй лифтээ шинэчлэхгүй бол болохгүй юм байна лээ л дээ.

Би жишээ нь иргэдтэй уулзаад явахаар “Чи бид нарыг төлөөлж байгаа юм чинь лифт шинэчлэх ёстой, дээвэр засах ёстой, манай гэрийн ойр орчимд нойл үнэртээд байна. Үүнийг цэгцлээч” гэдэг. Ингэхээр УИХ-ын гишүүд аргаа бараад “СӨХ”-ны даргын ажлыг хийдэг болж байна шүү дээ. Тогтолцоо нь ийм байгаа учраас арга байхгүй бэлэг тараагаад байгаа юм. Үүнийг хүмүүс шүүмжлээд байгаа.

УИХ-ын гишүүн Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийн төлөө ажиллах ёстой

-Иймэрхүү ажлууд тойрог жижгэрэх тусам улам хийгдээд байна. Харин тойрог томрох тусам дүүргийн хэмжээнд асуудлыг ярьдаг болно. Том тойрогт айл болгонд очоод хэвийн боов тараана гэж байхгүй биз дээ. Өмнөх сонгуулиудад байсан увайгүй их мөнгө тараадаг явдал, машин машинаар нь хүмүүс зөөдөг “царцааны нүүдэл” тойрог томрох тусам байхгүй болно.

Иймд аль болох нэр хүндтэй, дэмжихыг хүсэж байгаа тэр хүнээ илүү сонгоно. УИХ-ын гишүүн бүх ард түмний элч, Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Гэтэл 4200 хүний санал аваад УИХ-д сонгогдсон хүмүүс байна. Тэр хүн Монголын гурван сая хүнийг төлөөлж чадах уу. Би хувьдаа бүр томроосой гэж бодож байсан.

-Томсгосон хувилбараар сонгууль явуулахад нам дотор өрсөлдөөн гардаг гэдэг. Энэ нь залуу улс төрчид, шинэ намуудад хэр боломжтой хувилбар юм бэ?

-2008, 2012 оны сонгууль ийм тогтолцоогоор явсан. Энэ үед ард түмний дунд нэр хүндтэй нь ялсан байдаг юм байна. Нам сонгохоос илүүтэйгээр хүн сонгочих гээд байдаг хувилбар байхгүй юу. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь өмнө нь нэг хүн дугуйлаад санал тоолдог байсан бол одоо гурван мандаттай гэвэл гурвыг л дугуйлна. Илүү, дутуу дугуйлбал машин уншихгүй. Энэ тохиолдолд хэнд ашигтай вэ гэхээр нэр хүндтэй, массын лидерүүдэд ашигтай. Жижиглэх тусам намын фактор нөлөөлнө. Том тойрог болох тусам “Царцааны нүүдэл” сонгуульд нөлөөлөхгүй.

Төр гэдэг нь ард түмнээс олж авсан эрх мэдэл

- Нийслэлээс дөрвөн мандатыг нь авч орон нутагт хуваарилсан. Үүн дээр шүүмжлэлтэй хандаж буй хэсэг байгаа. Таны хувьд?

-Төр гэдэг нь ард түмнээс олж авсан эрх мэдэл. Ард түмний нийтлэг эрх ашгийг хангахаар олж авсан эрх мэдлээ хэрэгжүүлбэл төр жинхэнэ хүчтэй байна. Зөвхөн газар нутаг төлөөлнө гэж би боддоггүй л дээ. Зарим гишүүн газар нутгаа төлөөлж байна гэдэг юм шиг байгаа юм. Тэр аймгууд чинь төлөөлөлгүй биш төлөөлөлтэй байхгүй юу. Нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх ёстой гэдэг байр суурьтай байсан. Гэхдээ УИХ тогтоолоо батлаад шийдсэн.

-Монгол Улсын Ерөнхийлөгч үүнд хориг тавих боломжтой юу?

-Эрх зүйн талаасаа хориг тавих боломжтой гэж харахгүй байна. УИХ хамтын шийдвэр гаргадаг. Нэгэнт батлагдсан хуулийг дагаж, мөрдөх ёстой.

-Баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ