Ерөнхийлөгч цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар хаалттай хурал зарласан
2019.11.20
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Ерөнхийлөгч цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар хаалттай хурал зарласан

Эх сурвалж. Засгийн газрын мэдээ сонин, сэтгүүлч П.Батбөх

Цахим аюулгүй байдлыг хангахад чадвартай мэргэжилтэн дутагдаж байна

Гадаад 800 иргэний хэргийг тогтооход цагдаагийн байгууллагад чадвартай мэргэжилтэн хангалттай биш, ямар зохицуулалтаар шийдэх нь тодорхойгүйгээс бэрхшээл дагуулсан

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учралтай цахим болон төрийн мэдээллийн аюулгүй байдлын талаар ярилцлаа. Тэрбээр цахим аюулгүй байдлын талаар хуралдах ҮАБЗ-ийн хурлыг хүлээж буй бөгөөд цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Эстонийн экспер түүдийн туршлагыг ашиглахаар уриад байгаа аж


-УИХ дэргэдээ цахим бодлогын хороотой болсноор төрийн мэдээллийн аюулгүй байдалд ямар дэвшил гарсан гэж та дүгнэх вэ?

-Цахим бодлогын түр хороо мэргэжлийн үнэлэлт дүг­нэлт гаргахад гол бодлого боловсруулж ажилладаг. Үр дүнд нь дөрвөн чиглэлээр дэвшил гарсан гэж үзэж байна. Үүнд, төрийн цахим шилжилт, мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин дахь хүний эрхийн хамгаалал, хууль, эрх зүйн шинэчлэлд дорвитой ахиц гарсан. Тухайлбал, цахим бодлогын суурь хууль болох Радио долгионы, Шуудан холбооны, Харилцаа холбооны хуулиудыг баталлаа. Төрийн цахим шилжилттэй холбоотойгоор УИХ, Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх E Mon­golia гэх цахим хувьсгал хийх ажил өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд бид 315 сумыг сүлжээнд холбож “хатуу дэд бүтэц”­ээ бүрдүүлчихлээ. Цаашид зөөлөн дэд бүтцийг зохистойгоор бий болгоход анхаарч ажиллах юм.

-Та өнгөрсөн жил төрийн мэдээллийн аюулгүй байдлын талаар хурц шүүмжлэл өрнүүлж байсан. Тэр байдал засарсан уу?

-Өнгөрсөн хугацаанд төрийн мэдээллийн систем хэд хэдэн алдаа гаргаж байсан. Төрөөс Хур системийг хэрэгжүүлэхдээ төрөөс үзүүлдэг 90 гаруй үйлчилгээг тэр системд хийсэн байсан. Иргэд ч төрдөө итгээд хувийн мэдээллээ өгсөн. Гэтэл тэр мэдээллүүдийг Татварын болон бүртгэлийн байгууллагын дата баазруу хандахгүйгээр Үндэсний Дата төвөөс дурын албан байгууллага, компани, албан тушаалтан шууд татаж хардаг болчихсон. Мэдээллийн хадгалалт, хамгаалалтыг нэг байгууллагад төвлөрүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс бид мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Эстонид очиж тэндхийн төрийн системийн Х road загвартай танилцаж, туршлага судалсан. Манай ХУР системтэй адилхан загвар л даа. Гэхдээ аюулгүй байдлыг хангасан загвар юм. Бид тэр загварыг нутагшуулахаар ирэх төсөвт хөрөнгийг нь суулгасан байгаа. Ирэх сард тэндээс мэргэжилтнүүд ирж Эстонийн загварыг хэрэглэхээр бэлтгэж байна. Энэ системийг НАТО хүртэл туршиж үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгаа. Мөн Засгийн газраас удахгүй Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг өргөн барихаар яамдаас саналыг нь авч байна. Түүгээр Үндэсний дата төвд төрийн үйлчилгээ явуулах үүргийг үлдээж, хамгаалалтын үүргийг нь өөр байгууллага хариуцуулах юм.

-Цаашид энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллавал мэдээллийн аюулгүй байдалд санаа зовохгүй болох юм бэ?

-Цахим мэдээлийн аюулгүй байдлыг хангахад нэг байгуулагад хариуцуулсан хадгалалт хамгаалалтын давхардлыг арилгах ёстой. Мөн Эстонийн жишгээр X road системийг нэвтрүүлэхэд технологид анхаарах хэрэгтэй. Хамгийн гол систем нэврүүлэх, аюулгүй байдлыг хангахад чадвартай мэргэжилтэн маш дутмаг байна. Төрийн албаны цалингийн хэмжээнээс болоод чадвартай залуусыг ажиллуулж чадахгүй байна. Нарийн мэр­гэжлийн хүмүүс төрийн цалинг голоод хувийн болон гадаадын компанийг сонгож байгаа. Тиймээс хүний нөөцийг бэлтгэх элсүүлэхэд анхаарч, чадварлаг ажилтнуудын нийгмийн баталгааг ханган, тусгайлан гэрээ байгуулах шаардлага бий. Үүнээс гадна төрийн байгууллагуудад ашиглж байгаа программ хангамж, хөтөлбөрүүдийг цэгцлэх ёстой юм.

-Ерөнхийлөгчийн санаачлагаар ҮАБЗ дээр цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар ярилцах гэж байгаа гэсэн. Түүгээр ямар асуудал хэлэлцэх вэ?

-Ерөнхийлөгч цахим мэдээ­лийн аюулгүй байдлын талаар их анхаарч манлайлал үзүүлж байгаа. ЕТГ-­аас санаачлан энэ сарын 28-­нд энэ чиглэлээр ҮАБЗ хуралдах юм. Тэр хурлаар аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нэлээн хэдэн хаалттай мэдээллийн талаар ярих юм. Энэ чиглэлээр хийсэн шалгалтын дүнтэй танилцах юм билээ.

-Төрийн албанд тэр дундаа хууль хяналтын байгууллагад ашиглаж байгаа компьютер, техник хэрэгсэлд мэдээлэл дамжуулах, хуулбарлах төхөөрөмж суулгасан эсэхийг яаж хянах юм бэ?

-Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний төв дээр л энэ хяналтыг хийх ёстой. Мэргэжлийн бус хүмүүс ямар төхөөрөмж хаана суулгасныг мэдэх боломжгүй. Тиймээс шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг авахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах байгууллагаас дүгнэлт гаргуулдаг байх ёстой. Одоо хэрэглэж байгаа хэрэгслүүд дээрээ ч мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулдаг болчихвол замбараагүй байдал үүсэхгүй.

-Гадаадын иргэд манай улсад цахим орчинд мөнгө угаасан байж болзошгүй хэрэг гарч, 800 хүнийг албадан гаргалаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Хууль хяналтын байгууллага шалгаж байна. Одоогоор дүг­нэлт нь гараагүй байгаа. Мөн энэ төрлийн гэмт хэргийг тогтооход мэргэжлийн хакеруудтай зэрэгцэх мэргэжилтэн цаг­даагийн байгууллагад хан­галттай биш, зөрчил гаргасан гэж үзэхэд ямар зохицуулалтаар хэргийг шийдэх вэ гэдэг нь бэрхшээлтэй байгаа. Мэдэгдэж байгаа зүйл нь үүрэн холбооны операторууд яагаад бүртгэлгүй олон дугаар гаргав, консул визийг яагаад олноор нь олгов гэдэгт хариуцлага яригдах байх. Ер нь цаашид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гарахгүй гэх баталгаа алга. Тиймээс ҮАБЗ дээр энэ талаар ярих байх.

ШИНЭ МЭДЭЭ